Хориод жилийн өмнө автомашины ослын улмаас тэргэнцэр дээр суух болсон Б.Отгонтуяа нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэж хүүхэд багачуудад зориулсан комик ном гаргасан байна. Энэхүү комик номын гол дүрийн хүүхэд нь тэргэнцэртэй гэдгээрээ онцлог. Хүүхдүүдэд багаас нь энэхүү номыг уншуулбал том болохдоо тэргэнцэртэй, янз бүрийн бэрхшээлтэй хүүхэдтэй яаж харьцах, тэдэнтэй нөхөрлөж хамтдаа байх талаар маш сайн мэдлэгтэй болно гэж номын зохиолч хэлсэн юм.
Номиогийн адал явдал номын зохиогч Б.Отгонтуяа “Тэргэнцэр дээр суух болсноос хойш би саад бэрхшээл, олон янзын хандлагуудтай учрах болсон. Өөрөө хүүхдийн ном бичиж байсан туршлага байхгүй. Монгол номонд тэргэнцэртэй хүүхэд орсон мэр сэр ганц нэг ном харагддаг. Яг гол баатар нь биш. Ном маань гурван цуврал гарна. Эхний ном маань гарч байгаа нь энэ. Үргэлжлээд дахиад номууд гарна. Эдгээр цуврал номууд гол баатар нь тэргэнцэртэй гэдгээрээ онцлог. Дээр үеийн хандлагаар тэргэнцэртэй хүүхэдтэй номыг тэргэнцэртэй хүүхдэд зориулсан л гэж боддог. Миний санаа бол бүх хүүхдүүдэд зориулсан. Аль болох тэгш боломж, тэгш эрхийг агуулсан гэдгээрээ бүх хүүхдүүдэд ойлгуулахыг хичээж байна. Найман жилитйн өмнөөс бодож мөрөөдсөн номыг минь гаргахад дэмжсэн Азийн санд баярлалаа" гэлээ.
Номиогийн адал явдал ном фэйсбүүк хуудас дээр линк нь тавигдахаас гадна “Бид чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вебсайтад тус тус тавигдана. Энэхүү ном цахимаар хуудас нь эргэхээр Монгол, Англиар дуутай уншигдах байдлаар хийсэн байгаа. Ингэснээр харааны бэрхшээлтэй, эсвэл хөл, гар нь саажилттай хүүхдүүд цахимаар уншихад тэдэнд цаанаас нь дуутай уншиж өгнө.
Б.Отгонтуяа алслагдмал дүүргүүдийн гэр хорооллын цэцэрлэгүүдийг сонгоод хэвлэсэн номоо хандивлах аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тарааж, хөдөө орон нутгийн төрийн бус байгууллагууд руу явуулна гэж хэлсэн юм.