Токиогийн олимпын хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьсон дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байр эзэллээ. Тэрээр тэмцээнээ өндөрлүүлснийхээ дараа "Юуны өмнө намайг дэмжсэн монголчууддаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Энэ амжилтанд минь хөтөлсөн аав ээж, баг нартаа, Монголын хүндийг өргөлтын холбоо, үргэлж дэмждэг хайртай ханьдаа, хүндийн өргөлтийн спортыг дэмждэг, үздэг хүмүүстээ баярлалаа. Уучлаарай гэж хэлмээр байна. Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа.
2016 оны олимп анхны олимп байснаас гадна 18 настай балчирдаж байлаа. Энэ удаагийн олимпод илүү том, илүү туршлагатай болоод ирсэн. Олон багтай ажилласан. Сэтгэл зүй, терапист баг гээд нэг хүний ард олон баг байдаг. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хороо бид нарыг дэмжиж, маш их төсөв гаргаж, бэлдсэн. Төрөөд гурван жил болж байна. Ээж болсон хүний сэтгэл зүй, 18 настай охины сэтгэл зүй шал өөр. Илүү том зорилготой болж, хорвоог өөрөөр хардаг болсон" гэлээ.
Гэрэл зургийг МҮОХ