Монгол бол ардчилсан нийгэмтэй улс. Тиймдээ ч иргэн вакцин хийлгэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй хуулийн заалттай.
Манай редакцид хандсан нэгэн эмэгтэйн мэдээлж буйгаар Хятад вакциныг ажлын байрны дарамтан доор хийж, эрүүл мэндэд нь ноцтой сөрөг нөлөө учирсан. Учир нь тухайн эмэгтэй хууч өвчтэйн улмаас вакцины хүндрэл өгч, цусны бөөгнөрөл үүссэн хэмээн ярилаа.
Тэрээр, “Намайг Мөнхдалай овогтой Ариунтуяа гэдэг. Би “Зорчигч тээвэр нэгтгэл нэгдүгээр бааз” компанид шалгагч ажилтай. 2021 оны тавдугаар сарын 5-ны өглөө ажилдаа очтол “Шалгагч нараас чи л ганцхан вакцин хийлгээгүй. Үлдсэн жолооч, шалгагч нарыг өнөөдрийн дотор вакцин хийлгэхгүй бол маргаашнаас ажиллуулахгүй” гэж ажлын байрны дарамт үзүүлсэн. Ингээд вакцинаа хийлгэхэд 10 минутын дараагаас л миний бие өвдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хоолой шууд боогоод л, гаран дээр улаан юм туурч, бие загатнаж эхэлсэн. Тэр өдрөөс хойш вакцины хүндрэл өгч гэдэс томорч, хамар, чихнээс цус гарсан. Мөн доошоо их хэмжээний цус алдаж эхэлсэн. Зүрхний, даралтны, өвчин намдаагч эм уугаад ч би зүгээр болоогүй.
Миний хувьд астматай болоод 2013 онд оношлогдсон. Мөн харшилтай учраас өдийд шороо тоосны үеэр, өвөл утааны үеэр миний харшил ихэсдэг. Би цусны лабораторид шинжилгээ өгөхөөр очиход гуч, дөчин минут миний цус гарч ирээгүй. 45 минутын дараа өтгөн хар цус гарсан даа. Тэр үед “Чамд вакцины хүндрэл үүсч, цус бөөгнөрсөн байна” гэж лабораторийн сувилагч анх хэлж байсан юм. Ингээд надад яаралтай хэвтэх бичиг хийж өгсөн.
Сүүлдээ миний нойр булчирхай хүртэл өвчилж, бүх бие өвдсөн. Маргааш нь намайг яаралтай эход үзүүлэх бичиг хийж өгөн үзүүлэхэд, “Чиний бүх эрхтэн систем гэмтсэн байна” гэсэн. Би архаг хууч өвчтэй хүн. Надад хийх ёстой вакциныг нь хийгээгүй. Даралт өндөр эсрэг заалттай хийхгүй байх байтал ажлын байрны дарамтнаас үүдэн би хийлгэсэн. Өнөөдөр мөнгөгүй хүн эмнэлэгт үхэж байна. Зүгээр энгийн ард иргэд очоод вакцины хүндрэл, ковидын хүндрэлээс нас барж байхыг би өөрийн биеэр харлаа. Энгийн хүмүүс хүртэл элэг, зүрх, даралтаар нас барж байна. Үүнийг эмнэлэг нууж байна. Одоо надад амьд явах баталгаа байхгүй” гэлээ.