Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм.
Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна.
Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү захиалсан хоёр тамирчин байна.
Гэрэл зургийг: МҮОХ
Энэ удаагийн олимпод монголын хүндийн өргөлтийн тамирчилд Монгол шүүгчтэй оролцож буйгаараа онцлог.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл нь Олон Улсын Хүндийн Өргөлтийн Холбооны Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажилладаг.
Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд олимпын наадамд шүүгчээр томилогдсон анхны эмэгтэй шүүгч юм. ДАШТ-д шүүгчээр долоон удаа уригдан шүүсэн, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпын наадмыг дэнсэлсэн.
“Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол хангасан билээ.