Сүүлийн нэг сарын хугацаанд шатахууны үнэ хоёр удаа өссөн. Ингэхдээ нийтдээ 600 төгрөгөөр нэмэгдсэн юм. Шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж улмаар иргэдийн амьдрал эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орж байгаа юм. Тиймээс иргэд Засгийн газрын ордны гадаа шатахууны үнийг бууруулахыг шаардаж, жагслаа.
Иргэдийн зүгээс шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахыг хүссэн боловч чадсангүй. Тиймээс албан шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх газрууд нэгэн зэрэг шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд нэг сарын хугацаанд хоёр удаа буюу нийтдээ 600 төгрөгөөр нэмэгдүүлж, цар тахлын улмаас ажлын байраа алдаж, үйл ажиллагаа нь зогсож, орлогогүй болсон ААН, хувь хүмүүст дахин ачаа нэмж, эх оронч бус шийдвэр гаргаж, шатахууны үнийг нэмсэн. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлж, улмаар иргэдийн худалдан авах чадвар багасаж, хоол хүнсний наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж шатахууны жижиглэнгийн литр тутамд нэмэгдсэн үнийг нэн яаралтай буулгах зохицуулалт хийхийг Сүхбаатар дүүргийн 150 мянга гаруй иргэд, Нийслэл хотын 1,5 сая иргэдийнхээ өмнөөс шаардаж байна” хэмээжээ.
Энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Сүүлийн жил хагасын дотор коронавирусийн халдварын улмаас аж ахуй нэгж, иргэдийн бизнес, орлого маш хүнд байгаа. Ийм үед сүүлийн нэг сарын дотор шатахууны үнийг хоёр удаа нэмлээ. Тиймээс иргэд энэ асуудлыг шийдэж өгөхийг надаас хүсэж, амьдрал нь хүнд болсон талаар хэлсэн” гэлээ.
Мөн албан шаардлагад 48 цагийн дотор бодитой хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгон тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна.