2012 онд Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэх шийдвэр гаргаж, засгийн газраас 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн ч санхүүжилтыг бүрэн олгоогүй. Хожим 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж, барилгын ажлыг эхлүүлсэн. Улмаар гурван блок барилга барихаар төлөвлөсөн юм. Тэгвэл A, Б хоёр хэсгийн барилгын ажил 97 хувьтай явагдаж байгаа юм. Иргэд 10 жил царцсан Түлэнхийн төвийг covid-19 халдварыг эмчлэх эмнэлгийн зориулалтаар яаралтай нээхийг Засгийн газар, УОК, ЭМЯ-наас шаардаж байна.
Мөн энэ барилгын С блокт авто зогсоол болон цогцос хадгалах байр барихаар төлөвлөж байсан. Гэтэл 2017 оноос эхлэн С блокт хувийн орон сууцны барилга барьж эхэлжээ. Улсын түлэнхийн төв барих газарт орон сууц барьж байгааг иргэд эсэргүүцэж, хоёр хоног суулт зарлахаа мэдэгдээд байна.
Энэ талаар мэдээгүйжүүлэх, сэхээний эмч О.Энхмаа “Өнөөгийн ялзарсан нийгэмд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудлаар ард түмнийхээ эрх ашгийн төлөө, Засгийн газар, УОК, Хүний эрхийн комисс, шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, гэх мэт бүхий л эрх мэдэлтэй албан тушаалтнуудаас албан ёсоор шаардаж, ажлын тав хоногийн дотор арга хэмжээ авч, 97 хувийн явцтай байгаа барилга байгууламжийг covid-19 халдварын эмнэлгээр яаралтай ажиллуулахыг шаардаж байгаа юм.
Учир нь Монгол улсын хэмжээнд 820 хүний амь эрсдсэн байхад эрүүл мэндийн салбарыг хэвтэрт оруулаад, ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн. Төр засгийн удирдлагууд хүний эрхийг хангаж, дээдлэхгүй байна”