“Чийрэг Монгол” клубийн залуучууд санаачлан өөрсдөөсөө 20 орчим сая төгрөг гарган Чингэлтэйн Зүрх уулын фитнесийг гэр хорооллын залууст зориулан хорт зуршлаас хол эрүүл чийрэг спортлог залуучууд болоосой гэсэн зорилготойгоор жилийн өмнө байгуулжээ. Гэтэл тус хорооны засаг дарга В.Хүрэлбаатар тухайн фитнесийг стандартын шаардлага хангаагүй, олон хүн цуглаж, байгаль орчин бохирдуулж байна гэсэн шалтгаанаар буулгах шийдвэр гаргасан байна.
Энэ асуудлаар “Чийрэг Монгол” клубийн гишүүн Э.Чинзориг “Биднийг өөрсдөө буулга гэсэн. Тоног төхөөрөмжөө буулгаад аваад явахад ямар ч асуудал байхгүй. Цаана нь гэр хорооллын залуус маш их хохирч байна. Өнөөдөр гэр хороололд уулын фитнес шиг өсөж хөгжих, бэлтгэл сургуулилт хийдэг газар нэг ширхэг ч байхгүй. Залуучууд, иргэдээ боддог даргатай бол гэр хороололд амьдарч байгаа хэдэн мянган залууст зориулаад ийм газрыг хаах биш улам нэмэх ёстой. Гэтэл байтал ийм сонин шийдвэр гаргаж байна. Буулгах болсон шалтгаан нь хүмүүс их цуглаж, архи дарс уугаад байна гэсэн. Архи дарс ууж байгаа хүмүүстэй нь тэмцмээр байтал спорт хийж байгаа хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулаад байгааг нь ойлгохгүй байна” гэлээ.
Харин Чингэлтэй дүүргийн 17-р хорооны засаг дарга В.Хүрэлбаатар “Чингэлтэйн Зүрх уул бол манай хорооны иргэдийн алхаж, амардаг газар. Уулын фитнес байгуулагдсанаас хойш хог шороо нь дийлдэхгүй, архидалт нэмэгдэж байна. Стандартын дагуу фитнес байгуулах ёстой. Энэ газарт хүчингийн хэрэг гарсан, байнгын архидалттай болсон. Олон эрсдэл дагуулж байгаа учир иргэдийг гомдол саналын дагуу буулгаж байгаа. Стандартын дагуу байгуулбал бид дэмжиж ажиллая, ууланд биш манай хорооны цэцэрлэгт хүрээлэнд фитнесээ байгуул гэж санал тавьсан ч фитнессийн залуус тэр газрыг голсон. Бид өөрсдөө энэ газрын хогийг цэвэрлэж байгаа. Стандартын шаардлага хангаагүй байдлаас болж хүүхдүүд бэртэж гэмтвэл яах вэ гэдэг ч асуудал яригдана. Бидний зүгээс тэднийг тоног төхөөрөмжөө аваад яв хогийг нь өөрсдөө цэвэрлэчихнэ гэж ярьсан” гэлээ.