Орон сууцны урьдчилсан захиалга авч 456 иргэнд 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, сарны охин" компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал энэ сарын 9-нд зарласан
Уг хэргийн талаар эргэн сануулахад, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар "Амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Гэтэл тус байранд урьдчилгаа төлж, захиалга өгсөн 400 гаруй иргэн 12 орчим тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа юм.
"Нарны хүү, сарны охин" компаниас болж хохирсон иргэд өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна эсэргүүцэл илэрхийлэн цуглалаа.
Хохирсон иргэд “Урьдчилсан хэлэлцүүлгийн хурал наймдугаар сарын 9-нд зарласан. Энэ хурлаараа шүүх хурлаа зарламаар байна. Урьдчилсан гэж хэлчхээд буцаагаад мөрдөн шалгах руу явуулаад байна. “Нарны хүү, Сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, түүний эгч Д.Одгэрэл, “Гурван марал” компанийн захирал Д.Батбаяр эдгээр хүмүүс хамтран зохион байгуулалттай, гэрээгээр халхавч хийн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, хүмүүст итгэл төрүүлж, 800 гаруй хүнээс 12 тэрбум төгрөг залилан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Энэ хэргийг шүүхээр шийдэх гэж гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгаараа давхар хохирч байна. Хэрэг дөрвөн сард шүүхэд шилжээд аудитын дүгнэлт зөрүүтэй гэсэн шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар буцаагдсан. Одоо дахиад шүүхэд ирж байна. Наймдугаар сарын 9-ний, 09:00 цагт урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа эсвэл прокурорын хяналтад явуулбал бид зөвшөөрөхгүй. Гурван жил юу шалгасан юм бэ? Дахиад ямар нэгэн зөрүү гаргаж буцаавал бид эсэргүүцэж шүүхийн гадаа 800 хохирогч тэдний 3000 хүүхэд гэрээслэл бичээд амиа хорлоно шүү. Хууль хяналтын байгууллагад шударга зүйл байхгүй. Шүүх дээр ирээд л гацдаг. Шүүх дээр л “маафаан” байна гэж харж байгаа. Наймдугаар сарын есөнд гэм бурууг тогтоох шүүх хурал товлохыг шаардаж байна”
“Би шүүхийн үүдэнд өглөө 08:00-20:00 хүртэл сууж байна. Үйл ажиллагааг нь харлаа. 800 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй иргэнд хоёр жилийн ял өгч байхад найман тэрбум төгрөг идсэн Д.Гүрсоронзийг хорихгүй, зүгээр явуулж байна. Д.Гүрсоронз “Та нар шүүхээс мөнгө авахыг чинь харна аа” гэж шүүхийг, биднийг доромжилж байна. Бид туйлдаж байна. Шүүх үнэн зөвийг тогтоож өгөөч гэж хүсэж байна”
Байрны урьдчилгаа өгч луйвардуулсан иргэд уриа лоозон барин, нялх хүүхдээ дагуулан хоноглох айлгүй, байр түрээслэх мөнгөгүй болсон хэмээн учирлаж байлаа.
Т.Болортуяа