Бид энэ удаад 15 насандаа өөрийн гар зургийн үзэсгэлэнг гаргасан А.Хөгэлүн охины үзэсгэлэнгээр зочиллоо. Тэрбээр найман настайгаасаа эхлэн хар цагаан өнгө хослуулан анимэ зураг зурж эхэлжээ. Ингэхдээ анх “Tom and Jerry” хүүхэлдэйн киног зурж байсан байна. Түүний зургийн үзэсгэлэнгээр зочлоход өвөрмөц сонин олон зураг, тэдгээрийг хэвлэсэн футболка, аяга, тэмдэг гэх мэт олон бүтээл байлаа.
А.Хөгэлүн охин бүтээлийнхээ талаар “Үзэсгэлэнд 30 зураг дэлгэсэн. Харин зурсан бүх зургаа нийлүүлбэл 100 орчим зураг байгаа. Энэ бол миний хобби. Би онгоцны нисгэгч болно гэж бодож байгаа. Гэхдээ зураг зурахаа хэзээ ч орхихгүй. Хоёуланг нь хослуулаад явна. Өнгө ялгахдаа муу болохоор хар цагаан өнгөөр зурж эхэлсэн. Би зурсан зургаа хэнд ч үзүүлэхгүй гэж боддог байсан. Гэтэл гэр бүлийнхэн минь намайг дэмжиж, үзэсгэлэн гаргахаар болсон” гэсэн юм.
Охин youtube, facebook гэх мэт интернетээс бичлэг үзэж, зураг зурах арга барилыг судалжээ. Түүний зурсан зургууд дотор анимэ зургийг Монгол хэв маягтай хослуулан зурсан зураг ч байлаа.
Охиныхоо зурсан зургаар бахархаж байгаа талаар түүний ээж П.Гэрэлмаа “Манай охин багаасаа зураг зурах сонирхолтой байсан. Бага байхдаа “Tom and Jerry” хүүхэлдэйн киног үзээд зурж эхэлсэн. Дараа нь Нарутог зурдаг болсон. Хэсэг хугацаанд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гээд зураг зурахыг нь хорьчихсон байсан. Гэтэл нэг өдөр ажлаа тараад ороод ирэхэд маш олон “Наруто” зурчихсан байсан. Түүнээс хойш дэмжиж эхэлсэн. Манай охин өөрөө их даруухан, дуу цөөтэй. Тийм болохоор хэлэх гэсэн зүйлээ зургаар илэрхийлдэг. Эцэг эхчүүдэд хандаж хүүхдийнхээ юу илэрхийлэх гээд байгааг сайн сонсож байгаарай” гэлээ.
Үзэсгэлэнд дэлгэсэн зургийг хараад авъяас чадварыг нь үнэлж, хамтран ажиллах олон санал иржээ. Тухайлбал А.Хөгэлүн охин “Хүннү мото” клубтэй хамтран Монголын анимэ комик ном гаргахаар болсон байна. Мөн “Монжи Шанд” ТББ-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 28-р сургуульд номын сан байгуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар “Монжи Шанд” ТББ-ийн үүсгэн байгуулагч Кэийши Сато “Монголд гоё ном их байдаг. Гэтэл хүүхдүүд номын санд ерөөсөө ордоггүй. Хичнээн сайхан ном байсан ч сурагчид уншдаггүй. Тиймээс өсвөр насны хүүхдэд тохирсон зурагтай, комик ном хийвэл хүүхдүүд унших байх гэж бодсон. Монгол хүүхдүүд маш мундаг зурдаг. Тиймээс хамтарч номын сан байгуулахаар шийдсэн юм” хэмээн ярилаа.
Мөн охины ээж П.Гэрэлмаа үзэсгэлэн гаргаад буй “GG coffee shop”-д охинтойгоо адил нуугдмал авьяасаа нээж, уран бүтээлээ нийтэд танилцуулмаар байгаа хүмүүст үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана гэдгээ дуулгалаа.