Хүндийн өргөлт нь хүний тэсрэх хүчний хязгаарыг дээд зэргээр сорьдог, тэр ч утгаараа өргөлтүүдийн гүйцэтгэл нь маш хурдан явагддаг. Бусад адил төрлийн хүчний өргөлтүүдийг бодвол илүү уян хатан чанар, хөдөлгөөний далайцыг шаарддаг спорт юм. Ингээд “Токио-2020” олимпод хүндийн өргөлтөөр эх орноо төлөөлөн хүч самбаагаа сорьж буй тамирчдын талаар танилцуулъя.
"Токио-2020" Зуны XXXII Олимпын наадамд хүч чадлаа сорих хүндийг өргөгч Мөнхжанцангийн Анхцэцэг
М.Анхцэцэг нь 1997 оны 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер юм. Тэрбээр 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн. “Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө их хувь зохиол“ хэмээн хэлэх дуртай.
Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.
М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг.
Амжилт:
– ДАШТ-ий хошой хүрэл
– Дэлхийн цомын аварга
– Залуучуудын Азийн хошой аварга
– Залуучуудын дэлхийн аварга
– Оюутны дэлхийн аварга
– Азийн аварга
– Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга
– “Рио-2016” олимпын VIII байрын шагналт
– Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон.
Монголын туйванчид "Мюнхен – 1972" олимпоос хойш нийт 8 удаа наадамд оролцсон.
"Токио-2020" Зуны XXXII Олимпын наадамд хүч чадлаа сорих хүндийг өргөгч Эрдэнэбатын Билэгсайхан
Э.Билэгсайхан нь 1998 оны есдүгээр сарын 16-нд төрсөн. Хүндийн өргөлтийн +87 кг-ийн жинд өрсөлддөг. Өөрийн чөлөөт цагийг боловсон, үр дүнтэй, эрүүл мэнддээ ач тустай байдлаар биеэ хөгжүүлэх анх хүндийн өргөлтийг сонгосон. 14 настай байхдаа спортын сургууль орж хүндийн өргөлтийг сонирхож эхэлснээс хойш өдгөө найм дахь жилдээ энэхүү спортоор хичээллэж байгаа юм. ИЗОУИС-д эрх зүйч мэргэжлээр сурч байсан.
Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж, Азийн хошой аварга болсон. Хоёр мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж байв. Дэлхийн цомын хошой аварга, мөнгө хүрэл медаль, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан чансаа өндөртэй тамирчин юм. Мөн тэрбээр Монгол улсын аварга шалгаруулах өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд 2014 оноос хойш тасралтгүй түрүүлсэн.
Амжилт:
– Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл
– Дэлхийн цомын 2 алт, 2 хүрэл
– Азийн цомын 3 мөнгө, 3 хүрэл
– Улсын 8 удаагийн аварга
– Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон.
Монголын туйванчид "Мюнхен – 1972" олимпоос хойш нийт 8 удаа наадамд оролцсон түүхтэй.