Зуны XXXII дахь олимп Япон улсын нийслэл Токио хотноо эдгээр өдрүүдэд үргэлжилж, хүн төрөлхтөн спортоор амьсгалж байгаа билээ. Цар тахлын улмаас Токио-2020 олимпын наадам нэг жилээр хойшилсон ч олон сонин содон анхдагч зүйлсээр дүүрэн өрнөсөөр. Бид “Хөрөг” буландаа Токио-2020 наадмын тайлбарлагчаар ажиллаж байгаа спортын сэтгүүлч С.Шижирбатыг урьж ярилцлаа.
-Спортын сэтгүүлч, тайларлагчаар хэдэн жил ажил ажиллаж байгаа вэ. Энэ жил та хэд дэх олимпоо тайлбарлаж хүргэж байна?
-Намайг Сосорбармын Шижирбат гэдэг. Би спортын сэтгүүлч, тайлбарлагч мэргэжилтэй. Бээжин, Лондон, Рио, Токио гээд дөрөв дэх зуны олимпын наадмаа тайлбарлаж байна. 2006 оноос эхэлж 15 жил тайлбарлагч хийж байна. Би гурав дөрөвдүгээр хорооллын унаган хүүхэд. Хүүхэд байхдаа сагс, хөлбөмбөг тоглож өссөн. Чөлөөт бөхийн барилдаанаар багадаа хичээллэж байсан. Миний багш бол Олимпын хүрэл медальт, МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд гэж хүн байсан.
-Багаасаа л спортод элэгтэй нэгэн байв уу?
-Багадаа бол спортоор өвчилсөн хүүхэд байсан. Кино ч үзэхгүй дандаа спортын мэдээ, нэвтрүүлэг, шууд нэвтрүүлгүүд үзээд, ямар ч төрлийн спортыг голохгүй үздэг. “Таван цагираг” сонин олон жил уншсан. 1995 онд “Таван цагариг” нээгдээд 2005 он хүртэл 10 жилийн бүх дугаар надад байсан. Тухайн үеийн сошиал бол сонин байсан. Спортын Оросын сувгууд бас их үздэг.
-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсан вэ?
-МУБИС-ын спортын сэтгүүлчийн анги төгссөн. 2006 онд дөнгөж C1 телевиз байгуулагдчихсан Бөхийн өргөөнд чөлөөтийн оюутны ДАШТ болоод миний багадаа хичээллэж байсан төрөл учраас найз нөхдүүд, ах нар багаасаа нэгнийгээ мэддэг хүмүүс учраас чөлөөтөөрөө 2006 онд оюутны ДАШТ тайлбарлаж байв.
“Арьсаараа мэдэрч” гэж хэллэг байдаг юм, тэгж гараагаа эхэлж байсан.
Дөнгөж сургуулиа төгсчхөөд байж байхад 2008 оны Бээжингийн Олимпыг NTV телевиз дээр 20 хоногийн гэрээ байгуулж, тухайн үед ид спортоороо өвчилчихсөн, донтчихсон байсан хүн чинь “Би чадна” гэсэн уриатай тэгээд чөлөөт, бокс, жүдо, хөнгөн атлетик гээд юм юман дээр сууж байсан. Тухайн үед дөнгөж 20 гарчихсан, ядрахыг мэддэггүй нас шүү дээ. Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган аваргуудын хоёулангийнх нь алтан медаль авах агшинг тайлбарлаж байсан. 2008 оны намар есөн сард TV9 телевизэд орж байсан түүхтэй. TV9 телевизэд яг таван жил ажилласан. 2012 оны 12 сар хүртэл, TV9-д нэг бөөн ажилчид гарсандаа, Монголын телевизүүдийн түүхэнд.
Лондонгийн олимпыг TV9 дээрээ тайлбарлаад гараад, 2013 оны нэг сараас өдгөө хүртэл ETV телевизийн үндсэн ажилтан гэж явж байна. Том контентууд дээр бол телевизүүдтэй гэрээ байгуулаад тайлбарлагчаар ажилладаг. Жишээ нь 2016 оны Риогийн олимпыг Үндэсний телевиз эрхийг нь авсан шүү дээ. Тэд бас гэрээ байгуулаад чөлөөт, жүдо сонгомолоо тайлбарласан. 2006 оноос чөлөөт, 2008 онд анх жүдог тайлбарлаж эхэлсэн байна. 2009 онд Х.Цагаанбаатар аварга Монголын жүдогийн анхны дэлхийн аварга болж байхад яг TV9 телевиз дээрээ манай спортын алба программ нээгдэж ороод анхны жүдогийн дэлхийн аваргыг тэгж тайлбарлаж байсан. 2009 оноос хойш TV9, ETV, C1, SPS телевизүүд дээр өдгөөг хүртэл тасралтгүй дэлхийн аварга тайлбарлаж ирлээ.
-Энэ жилийн олимп олон онцлогтой болж байгаа?
-Ковидийн дэглэм дор зохиогдож байгаа анхны олимп. 1916, 1940, 1944 онуудад дэлхийн нэг, хоёрдугаар дайнуудын улмаас цуцлагдаж байсан. 2020 оны Олимп нэг жилээр хойшлоод одоо болж байна. Япон тулдаа л зохион байгуулж байна. 26 тэрбум долларын төсөвтэй. Дэлхийн 33 спортын төрөлд 11.000 мянган тамирчин орж байна. Энэ олон мянган тамирчдын хүүхэд байхаасаа хичээллэсэн, 10-аас дээш жилийн хорин хэдэн жилийн хөдөлмөр яригдана. Япончуудад баярлаж байна. Энэхүү хүн төрөлхтний баяр цэнгэл наадмыг тасалдуулахгүй зохиосонд нь. Бид нар урьд харж байгаагүй шүү дээ. Үзэгчгүй Олимп зохиогдож байна. Бас онцлог байна. Одоо тэгээд үзэгчгүй байсан ч гэсэн үзэгч нь дэлхийн ард түмэн телевизээрээ харцгааж байна.
-Жүдо, чөлөөт бөхийг таны тайлбаргүйгээр төсөөлөхийн аргагүй?
-Монгол улс дэлхийн жүдод бол том байр суурь эзэлдэг орон гэдгээ харуулж гурван медаль аваад, үүргээ биелүүлээд сайхан байна. Олимп талдаа орж байна. Энэ хүн төрөлхтний зохиосон хамгийн том их олимп харуулдаг байхгүй юу, спортын тийм нэг сайхан мэдрэмжийг 16 хоногийн турш аваад, ковидийн ийм хэцүү үед тэр нь сайхан юм даа.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1990 онд байгуулагдсан. 2000-аад оны дунд үеэс тайлбарлагч нар дагнаж эхэлсэн. Жишээлбэл сагсанд Идэрээ, Ялалт, Төмөрөө ч гэдэг юм уу. Хөлбөмбөгт Заяа, Балжаа, Нанжид ч гэдэг юм уу. Монголыг юуны орон бэ гэхээр Монголыг бөхийн орон гэдэг шүү дээ. Дэлхийн 160-аад орон өөрсдийн гэсэн үндэсний бөхийн төрөлтэй байдаг гэж үздэг. Бас социалист нийгмийн үед үндэсний бөхөөр дагнасан тайлбарлагч нартай байсан байна. Хэзээнээсээ чөлөөт жүдо социалист нийгмийн үеэс Монголын Олимпын хамгийн их медалийг авсан Монголын төрлүүд дотроо өндөр хөгжилтэй байж ирсэн. Чөлөөт, жүдогийн дагнасан тайлбарлагч нь би байна.
-Тайлбарлахдаа өөрийгөө хэрхэн бэлдэх үү?
-Тайлбар гэдэг зүйл зүгээр ч нэг маргааш нэг тэмцээнтэй ингэж байгаад нэг ангайж байгаад ч юм уу, дэмий тэнэж байгаад, шоудаж байгаад ч гэдэг юм уу тэгж байгаад тайлбарт ордоггүй. Төрөл төрлөөрөө дагнадаг учраас маш их судалгаа хийдэг, бэлтгэл хийдэг. Биеэ бэлддэг. Ард түмэнд спортын сайн сайхныг мэдүүлчихье гэсэндээ энэ төрлөөр дагнаад явж байна.
-Магадгүй спортоороо хичээллэж байсан бол гэж харамсах үе байсан болов уу?
-Спортоор хичээллээд явсан бол гэсэн айхтар харамсал байхгүй. Болдог юм болдгоороо болоод л явж байгаа юм чинь. Миний хамгийн сайн мэдэх жүдо чинь хүнд шүү дээ. Золиосгүй юм гэж байхгүй. Бүх л юм золиостой. Тамирчдын золиос бас их л санагддаг.
-Таны хобби?
-Хобби мэдээж мэргэжил болсон. Өөр хобби гэхээр, спортоосоо л их кайф авдаг даа. Ганц чөлөөт жүдо ч биш. Хүүхэд байхдаа бүх төрлийн спорт үздэг байсан бол одоо ч нэг их тэгэхээ ч больж. Тодорхой хэдэн өөртөө сайхан, сонирхолтой хэзээ ч уйддаггүй тийм төрлүүдээ үзээд л, хоббироод л. Хүн хоббитой байх ёстой. Ганц л амьдарна шүү дээ. Ганц амьдрах хорвоод нэгнийгээ хэмлээд л, янз бүр болоод л. Нийгэм аймар стресстэй. Янз бүрийн улс төрийн асуудлууд, нийгмийн асуудлууд их байна. Монголын ард түмэн зарим зүйл дээр хэт их туйлшраад байна уу даа гэж надад анзаарагддаг. Зарим зүйл дээр тайван байх хэрэгтэй. Сошиал бас зарим зүйл дээр хазайж явах юм даа л гэж хардаг. Хүн ганц амьдрах хорвоод сайхан зөв амьдраад ойр тойрны хүмүүсээ хайрлаад, хүндлээд, нэгэндээ аз жаргал өгч амьдрах нь амьдралын утга учир юм болов уу гэж боддог.
-Олимпыг дэргэдээс нь үзэхсэн гэж боддог уу?
-Би бол насаараа тайлбарлагч хийхгүй. 15 жил хийж байна. Бас их ядардаг болсон байна. Хүнд шүү дээ. Олимпоос бусад их олон тэмцээн уралдааныг буюу чөлөөт жүдог газар дээр нь очиж үзэж л байсан. Дэлхийн 20-оод орноор явсан. Очоод уур амьсгалыг ер нь мэднэ. Яах вэ, тайлбарлахаа боливол нэг Олимп үзэх байх аа. Байх аа ч гэж ер нь үзнэ л дээ.