"Токио-2020" зуны XXXII дахь олимп өнөөдрөөс эхлэн чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилж байна. Манай улсын хувьд чөлөөт бөхийн төрлөөр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа гэдгээрээ ихээхэн онцлог юм. Монголчуудын хувьд 1960 оноос чөлөөт бөхийн суурь тавигдсан. Богино хугацаанд чамлахааргүй амжилт гаргаж байсан түүхтэй. 1963 оноос эхлэн одоог хүртэл олимп, дэлхийн аварга, тивийн аварга, шалгаруулах тэмцээнүүдэд оролцсоор ирсэн. Бидний сайн мэдэхээр чөлөөт бөхийн анхны тамирчид бол Д.Хангай, Н.Улаан, Д.Сийлэгбазар, С.Саранням, Б. Сүхбаатар, О. Цэрэндагва тэргүүтэй хүмүүс байдаг. Ингээд "Токио-2020" олимпод эх орноо төлөөлөн чөлөөт бөхийн төрлөөр оролцож буй тамирчдын талаар товчхон мэдээлэл хүргэе.
Чөлөөт бөх эрэгтэй 57 кг-Э.Бэхбаяр
ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр нь эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилддаг, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин. Түүний анхны багш буюу үндсэн багш нь Монгол улсын гавъяат тамирчин Авирмэдйн Энхээ юм.
Э.Бэхбаяр нь АНУ-ын Лас-Вегаст болсон 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ, Францын Парист болсон 2017 оны ДАШТ-ээс тус тус хүрэл медаль хүртсэн. 2018 оны Азийн наадамд түрүүлж алтан медаль авсан. 2015 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс алтан медаль, 2012 оны залуучуудын ДАШТ-ээс алтан медаль, 2009 оны өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Олон улсын хэмжээний мастер (2011), Монгол улсын гавъяат тамирчин (2015) юм.
Чөлөөт бөх эрэгтэй 125 кг- М.Лхагвагэрэл
Казахстаны Алматы хотод зохион байгуулагдсан Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээний -125 кг-ын жинд зодоглосон ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авсан юм.
Чөлөөт бөх эрэгтэй 65 кг -Т.Тулга
Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, УАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, ДАШТ-ийн тав, долоодугаар байрын шагналт, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Төмөр-Очирын Тулга нь 2019 оны ДАШТ-ий 65 кг-ын жинд хүч үзэж, жингээ төлөөлж, “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан.
Чөлөөт бөх эмэгтэй 76 кг-О.Бурмаа
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, улсын 10 удаагийн аварга юм. 2001 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2016 онд үрийн зулай үнэрлэж гурван жилийн хугацаанд бэлтгэлээ огт хийгээгүй ч 2019 оноос УАШТ-ээс эхлэн дахин барилдаж түрүүлээд “Mongolia open”, Буриадын ерөнхийлөгчийн тэмцээнд орсон. Мөн 2020 онд дахин УАШТ-нд түрүүлсэн. Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн эрх олгох тэмцээнд түрүүлж 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа "Токио-2020" олимпын эрх авч байсан юм.
Чөлөөт бөх эмэгтэй 68 кг-С.Батцэцэг
С.Батцэцэг нь эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Монгол Улсын бөх, Монгол улсын гавьяат тамирчин юм. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008 оноос "Замчин" клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж байна. 2008 оноос З.Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан. ДАШТ-ээс 2 алт 1 мөнгө, Олимпийн их наадмаас 1 хүрэл медаль авсан бахдам сайхан амжилтыг нь Монголын төр засаг өндрөөр үнэлэн Батцэцэгийг 2010 онд Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор, 2017 оны 7 сарын 31-нд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнаж урамшуулсан.
Чөлөөт бөх эмэгтэй 50 кг-Ц.Намуунцэцэг
Монголын эмэгтэй баг тамирчдаас Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагалж эмэгтэйчүүдийн 50 кг-д 2 дугаар тойргийн барилдаандаа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 3 дугаар тойрогтоо Узбекистаны бөхийг дахин ялж олимпын эрхээ авч байжээ.
Чөлөөт бөх эмэгтэй 53 кг-Б.Болортуяа
“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматыгийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпын наадмын хоёр дахь эрх авч байсан юм.
Чөлөөт бөх эмэгтэй 57 кг- Б.Хонгорзул
Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Цэлмэг өглөө” компанийн бөх Б.Хонгорзул нь 19 настай. 10 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
Тэрбээр өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, ДАШТ-ий хүрэл медальтай, УАШТ-д нэг үзүүрлэн (2014) дөрвөн удаа завсаргүй түрүүлсэн (2015, 2016, 2017, 2018) босоо аварга. Мөн олон улсын “Mongolia open” тэмцээний дэд аварга, залуучуудын улсын хошой аварга, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Азийн хүүхдүүд”, “Монгол туургатан”, “Асашёорюү кап” тэмцээний түрүүтэй.
Чөлөөт бөх эмэгтэй 62 кг-Х.Болортуяа
"Аврагч" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Х.Болортуяа нь Эрдэнэт хотод төрж өссөн. Эрдэнэт хотын "БУГС-тай 14-р сургууль"-д 1-7 анги хүртлээ сурсан. Чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд 8-р ангиасаа "Ирээдүйн Одод" спортын дунд сургуульд элсэн суралцаж 2013 онд төгссөн. "Их Монгол" Дээд Сургуулийг Сэтгүүл зүйн ажилтан мэргэжлээр 2017 онд төгсөж одоо "Royal academy" олон улсын сургуулийн Төрийн удирдлагын ангид магистраар сурч байгаа. "Софи-2021" олимпын наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 9 дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авч байсан.