Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг Туул голын эрэг дээр хоёр том хүн, дөрвөн хүүхэд зугаалж байснаас нэг хүүхэд энэ сарын 29-ны өдрийн 14:00 цагийн орчимд живжээ. Энэ талаар дуудлага мэдээлэл тус аймгийн онцгой байдлын газарт ирснээс хойш одоог хүртэл эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
ХИЙМЭЛ НУУРАНД БАГА НАСНЫ ХҮҮХЭД ОСОЛДСОН БАЙНА
Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Хатавч хөх толгой гэдэг газар долдугаар сарын 30-ны өдрийн 16:40 цагийн орчим гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд хиймэл нууранд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өдрийн 17:25 цагт хүлээн авчээ. Цогцсыг нь хиймэл нуурын урд эргээс дөрвөн метр, хоёр метрийн гүнээс олжээ. 18:40 цагт 14 настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоож аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
82 НАСТАЙ ИРГЭН ГОЛЫН УСАНД ЭНДЖЭЭ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн-Амаас баруун тийш 200 метрт Туул голд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 07.09 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есөн км замыг туулан 07.20 цагт очиход, Туул голын эрэгт нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны харьяат 82 настай, эмэгтэйн цогцос байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.