Шатахууны үнэ өнгөрсөн шөнө 20 хувь өслөө. Тодруулбал, АИ-92 литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж 2050-2100 төгрөг болжээ.
Ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл хэдийнэ бүрдсэн байсныг шатахуун импортлогчид мэдээлсээр байсан юм. Тухайлбал, зургадугаар сарын 12-ноос шатахууны үнэ өсөх нь үнэн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан ч Засгийн газар үгүйсгэсэн юм.
Гэвч Монгол Улс үйлдвэрлэгч биш экспортлогч орон учраас шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж явах нь жам юм.
2020 оныг дуустал 50 ам.доллар даваагүй газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 75 ам.долларт хүрээд байгаа нь шатахууны үнэ өсөх суурь шалтгаан болсон гэдэг.
Гэвч Засгийн газар үнийг хүчээр барьж ирснээс үүдэн ийнхүү энэ сард хоёр удаа 300 төгрөгөөр өслөө.
Уул уурхайн сайд Г.Ёндон "Иргэдийн өргөн хэрэглэдэг шатахуун бол А92 бензин. 2020 оны тавдугаар сараас хойш А92 бензины үнийг 1,450 төгрөгийн түвшинд барьж байсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад нэг, хоёрдугаар сараас эхлэн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа.
Гэхдээ тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн. Энэ хугацаанд сар болгоны төгсгөлд компаниудын алдагдлыг тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд эхэлмэгц шахахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна" хэмээн мэдэгдэж байв.
Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгааг дурдсан юм.
Тэрбээр "Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг.
Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурдаг тул манайд ч тодорхой хэмжээнд өсөлт явагдах байх. Ирэх сард дотоодын хэрэгцээг хангах шалтгаанаар ОХУ-аас АИ-95 бензинийг манай улсад нийлүүлэхэд хүндрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор манай улс нөөцөө бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтран ажиллахаар хэлэлцээрийн түвшинд явж байна.
Одоогоор АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй байгаа.
Нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүй байх үүднээс БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр ийнхүү шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэллээ. Ингэснээр литр тутамдаа 1750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өмнө нь долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн 300 төгрөгөөр нэмж байсан.
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын сонгуулиар хүчээр барьж байсан шатахууны үнэ энэ сард ийнхүү нийтдээ 600 төгрөгөөр нэмэгдлээ.