Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар ЦЕГ-ын Дотоод, хяналт аюулгүй байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийж байна.
ЦЕГ-аас ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Энэ сарын 29-ны өдөр твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа бичлэг цацагдаад байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу шалгах ажиллагаа явуулахад цэнгээний газарт хүмүүс танхайраад байна гэх дуудлагын дагуу цагдаагийн хоёр албан хаагч очиж ажилласан байна.
Энэ нь 2019 онд иргэн, цагдаа хоёрын хооронд үүссэн зөрчилдөөн юм. Үүнд цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул өчигдөр 16:00 цагт тухайн цагдаагийн алба хаагчдын дуудан ирүүлж, ажил үүргээс нь чөлөөлсөн.
Хоёр жилийн өмнөх цагдаагийн албан хаагч хүний эрх чөлөөнд халдсан хэргийг цахим сүлжээнд тавигдсанаар мэдлээ. Тухайн үед энэхүү цагдаагийн албан хаагч иргэний биед халдсан мэдээллийг нуун дарагдуулж мэдээлэлгүй өнгөрөөсөн байсан. Тиймээс тухайн үед хариуцан ажиллаж байсан албан хаагчидтай ч бас хариуцлага тооцно” гэж мэдээллээ.
Алба хаагчдын хэргийг материалжуулан Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.