Цар тахлын улмаас кино театрууд үйл ажиллагаа явуулахгүй удаж байна. Тэгвэл Монголдоо шинэлэг гэж хэлж болохуйц гэр бүл, найз нөхдөөрөө цагийг өнгөрөөж болох машинтай кино театр төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдлээ. Зуны орой халуун ам бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ машиндаа тухлан дуртай киногоо үзэх орчныг энэ газар бүрдүүлжээ.
21:00 цагаас үзвэр эхлэхийн өмнө очиход үйлчлүүлэгчид хэдийн машинаа байрлуулж, киногоо үзэхэд бэлэн болсон байлаа. Дэлгэцийн урд 40 орчим машин дөрвөн эгнээ болон зогсжээ.
Тасалбарын үнийн хувьд гаргаж буй киноноос хамаараад өөр байна. Тухайлбал нээлтээ хийсэн, хуучны кино үзэхэд 20 мянган төгрөг, шинэ кино үзэхэд 25 мянган төгрөг төлөх юм.
Машинтай кино театр нээх санааг Б.Тайванбат гэх 23 настай залуу энэ оны хоёрдугаар сардгаргажээ. Улмаар найзууддаа санаагаа хуваалцаж, хамтдаа төлөвлөгөө гаргасан байна. Тэрбээр эхлүүлэх болсон талаараа “Өвөл хөл хорионы үеэр хийх зүйлгүй, чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй байгааг анзаарсан. Найзуудтайгаа орой гадуур зугаалъя гэхэд очих газар байдаггүй. Тиймээс машинтайгаа гэр бүл найзуудаараа ирээд үзэх боломжтой үйлчилгээ нээсэн юм.Хоёрдугаар сард төлөвлөгөө гаргаад зургадугаар сараас үйл ажиллагаа явуулж эхлэхээр төлөвлөсөн ч хил гаалийн асуудлаас болоод тоног төхөөрөмжөө авч чадахгүй удлаа. Долоо хоногийн өмнө ачаагаааваад өчигдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байна.” гэлээ.
Монголд үүнээс өмнө хоёр ч удаа машинтай кино театр нээгдэж байсан ч ганц өдрийн үйл ажиллагаа хийж байсан төдий. Харин “Galaxy car cinema”-ийн хувьд зун дуустал үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, киноны жагсаалтаа гаргаж эхэлжээ.
Харин кино сан хэрхэн бүрдүүлэх талаар “Киноны зохиогчийн эрхийн тал дээр бид албан ёсны байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Гэрээнд гарын үсэг зурсны дараа илүү олон кинотой болно. Оюуны өмчийг дээдлэх ёстой учраас өчигдөр гаргасан “Old boy”УСК-г дахин гаргаж байгаа. Өчигдөр 30 гаруй машин ирсэн. Харин одоогийн байдлаар 40 орчим машин ирсэн байна”
Кино үзэхээр ирсэн иргэд:
-Фэйсбүүкээс хараад сонирхолтой санагдаад ирлээ. Одоо гарах гэж байгаа киног найзууд дотроосоо бид хоёр л үзэж чадаагүй байсан. Солонгосын шилдэг 10-т орж байгаа, заавал үзэх ёстой кино байсан. Машиндаа суугаад үзэж болдог нь сайхан санагдлаа.
-Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд тусалсанд нь талархаж байна. Кино театр ажиллахгүй болохоор ийм зүйл хийсэнд нь маш их баяртай байгаа.
-Хөл хорионы үед ийм гоё үйл ажиллагаа зохион байгуулж байгаа залуучууддаа баярлалаа. Анх удаа үзэх гэж байгаа учраас догдлоод эрт ирээд хүлээгээд зогсож байна.
Үзэгчид киногоо үзэхээр бэлдэж, машиндаа тухалсан байлаа. Гэтэл цагдаагийн албан хаагчид ирж, зохион байгуулагч залууст үйл ажиллагаагаа зогсоохыг шаардав. Цагдаа нарын зүгээс цар тахлын үед олон хүн цуглуулж болохгүй. Мөн машиндаа байгаа хүмүүс нууцаар архи согтууруулах ундаа хэрэглэх, улмаар агсам, согтуу тавих эрсдэлтэй учир үйл ажиллагааг нь цуцлахыг шаардлаа.
Машинтай кино театрыг хамтран үүсгэн байгуулагч Т.Мөнхтулга
Б.Тайванбат бид хоёр Дарханы 17 дугаар сургуульд хамт сурдаг байсан. Багаасаа найзалсан найзууд. Би замын компанид зургийн инженер хийдэг. Бид хоёр энэ төслийг хамт бичиж эхэлсэн. Ерөнхий зохион байгуулалтын хувьд Б.Тайванбат авч явж байгаа. Миний хувьд бараа захиалга, төхөөрөмжийг хариуцаж байна.
Энэ санааг Б.Тайванбат гаргаж, гуравдугаар сард надад хэлсэн юм. Тэгээд би дэлгэц болон бусад төхөөрөмж дээр судалгаа хийсэн. Ингэхдээ Европ дахь гадаа талбайн кино театруудтай холбогдож, мэдээлэл аваад төхөөрөмжүүдээ захиалж авсан.
Хан-Уул дүүргийн онцгой комиссын даргатай ярилцахад халдвар хамгааллын дэглэмээ сахиад, идэх юм зарахгүй, нэг машинд гурван хүнээс илүү хүн суулгахгүйгээр орж ирсэн машин бүрийг ариутгаад хоёрдугаар тунг нь шалгаад үйлчилгээ явуулах боломжтой гэж хэлсэн. Гэтэл одоо цуцлах шаардлага тавиж байна. Монголын байгууллагууд хоорондоо хичнээн уялдаагүй ажилладаг нь үүнээс харагдаж байна. Үйлчлүүлэхээр ирсэн иргэддээ төлбөрийг нь 100 хувь буцааж өгөөд гаргаж байна.
Үйл ажиллагаа цуцалсны дараа иргэд:
-Хүүхдээ хүртэл дагуулаад цаг заваа гаргаад ирсэн. Цаг гаруй хүлээлээ. Энгийн кино театр биш машинтай болохоор халдвар хамгааллын дэглэмээ бариад үйлчлүүлж байна. Гэтэл цагдаагийн газраас яагаад хориглоод байгааг нь ойлгохгүй байна.
-Найзуудаараа кино үзэх гэж ирээд хоёр цаг гаруй хүлээсэн. Гэтэл цуцлагдчихлаа. Залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар цөөхөн байдаг. Гэтэл ийм гоё газрыг залуучууд нь санаачлаад хийж байхад улсаас нь хориглож байгаад гайхаж байна.