Бид бүхний сэтгэлд хоногшсон “Энх улирал”, “Малчин аав” зэрэг дууны ая зохиогч Г.Чойжилжавын хүү Ч.Батжаргалтай уулзаж, цөөн хором ярилцлаа. Тэрбээр анх ааваасаа сийлбэр хэрхэн хийхийг сурч, өвлөн авчээ. Одоо долоон хүүхдийн аав Ч.Батжаргал 20 гаруй жил сийлбэр хийж байгаа юм. Энэ хугацаанд ойролцоогоор 30 мянга гаруй бүтээл туурвижээ.
Энэ талаар сийлбэрч Ч.Батжаргал “Хоббигоо ажил болгочихсон учраас их баяртай байдаг. Монгол ахуй гэдэг утгаараа морь хийх дуртай. Сүүлийн үед бурхан хийж байгаа. Өмнө нь өдөрт 15-20 морь сийлдэг байсан бол одоо ч нас яваад 4-5 морь л хийдэг болсон. Бага наснаасаа л сийлбэрийнхээ буянд хоолоо олж идэж байна. Би энэ чадвараараа өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Энэ их авьяасыг уг нь хоолны мөнгөний хойноос үхүүлчихмээргүй л байна. Миний ганц бодож явдаг юм энэ. Би уг нь Монголынхоо нэрийг гаргаж олон улсад үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг. Даанч санхүү мөнгөний асуудлаас болж чаддаггүй. Одоо би 10 шавьтай. Тэд ч мөн адил сийлбэр хийж амьдардаг. Миний хувьд авьяас чадвараа аль болох олон хүнд хүргэж сургалтын төв нээе гэж бодоод л байгаа” гэлээ.
Түүний хувьд гэрийнхээ хажууд таван ханатай гэрт сийлбэрээ хийдэг. Төрөлхийн хэл, тагнайн хөгжлийн бэрхшээлтэй ч сийлбэр хийж гэр бүлээ авч явдаг хөдөлмөрч нэгэн юм. Сийлбэр хийнэ гэдэг хүнээс их ур ухаан, тэвчээр, хатуужил шаарддаг. Гэхдээ хийсэн бүтээлийг нь үйлчлүүлэгч нь баярлалаа гээд авахад маш их урам зориг авдаг хэмээн ярьж байлаа.