Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.
Эл бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдэв.
Түүнчлэн бичлэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулж эхэлжээ.
Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлан, улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Энэ тухай ЦЕГ-аас "Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна" хэмээн мэдэгдэл гаргажээ.
Хуулийн заалт
Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно" хэмээн заажээ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэсэн байна.
Мөн хуулийн 13.9 дүгээр зүйлд:
- Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.