Нийслэлд хийж буй зам засварын ажлууд 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Зам засвар ашиглалт хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат авлаа.
Тэрээр, Улаанбаатар хотын гол гудамж зам, зургаан дүүрэг, алслагдсан гурван дүүрэгт засварын ажил хийж байна. Урсгал засварын ажил 80-90 хувьтай явж байгаа юм. Харин түүний дараагаар хийх ээлжит засварын тухайд, уулзварын нэвтрүүлэх чадвар сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана. Одоогийн байдлаар Нарантуул захын уулзварын ээлжит засварыг хийгээд дуусч байна. Мөн 32-ын уулзвараас урагш, Хангай хотхоны уулзвараас Алтайн гудамж хүртэлх хоёр уулзварыг ээлжит засварын хүрээнд хучилтын ажил хийгээд дууссан байгаа.
Түүнчлэн баруун дөрвөн замын явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээний ажлууд энэ долоо хоногт хийгдээд дуусна.
Дараа нь зүүн дөрвөн замын ажлыг наймдугаар сарын таван, зургааны өдрүүдэд эхлүүлэхээр төлөвлөсөн. Инженерийн шугам сүлжээ, засвар шинэчлэлтийн ажлууд Зүүн дөрвөн замаас Хөдөө аж ахуйн яамны уулзвар хүртэл дулааны шугамын ээлжит засвар давхар орж байгаа. Эдгээр ажлуудыг уялдуулаад наймдугаар сарын зургаанаас эхлүүлээд 12,13-ны үед дуусгана гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргаад хуралдаад явж байна. Зам засварын ажил урсгал засвар, тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал хангах ээлжит засварууд гадна температур намар нэмэх таван градус хүртэл хийнэ гэв.
Засгийн Газраас хичээл, сургалтыг танхимаар оруулах шийдвэр гарч, намар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлбэл, зам засварын ажилтай зэрэгцэн түгжрэл ихсэх нөхцөл бүрдээд буй нь үүнээс харагдаж байна. Жил бүр хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн зам засварын ажил хийдэг нь нийслэл хотын иргэдэд хүндрэлтэй нөхцлийг үүсгэдэг нь нууц биш. Иймд Улаанбаатар хотын захиргаанаас энэхүү асуудлыг шийдэж зохицуулалт хийдэг байх шаардлагатай байна.