“Токио-2020” олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд болсон олимпын онцлох үйл явдлуудыг хүргэе.
Ах дүү хоёр нэг өдөр алтан медаль авлаа
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Япон улсыг төлөөлөн барилдсан ах дүүс хамтдаа анхны олимпод өрсөлдөн, анхны алтан медалиудаа хүртэж түүхэнд бичигдлээ.
Ах 23 настай Хифүми Абэ нь 2017, 2018 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай юм. Харин энэ удаа Гүржийн Ваза Маргвелашвилиг ялж алтан медаль хүртсэн. Дүү 21 настай Үта Абэ нь 2018, 2019 оны дэлхийн аварга юм. Францын Амандин Бучарыг ялж алтан медаль хүртсэн юм. Ийнхүү олимпын түүхэнд ах дүү хоёр нэг өдөр алтан медаль авсан түүх бичигдлээ.
64 мянган хүн амтай Бермуд улсын тамирчин Флора Даффи олимпын аварга болов
Ердөө 64 мянган хүн амтай Бермуд улсыг төлөөлөн "Токио 2020" олимпын наадамд хоёр тамирчин оролцож байгаа юм. Хоёр тамирчны нэг болох Флора Даффи эмэгтэйчүүдийн триатлоны төрөлд түрүүлж эх орондоо олимпын түүхэн дэх анхны алтан медалийг авчирлаа. Энэ нь тус улсын хувьд олимпын наадмаас авсан хоёр дахь медаль бөгөөд 1976 оны Монреалийн олимпод Бермудийн боксчин Кларенс Хилл хүрэл медаль хүртэж байжээ. Бермуд улс олимпы наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.
13 настай охин олимпын аварга боллоо
Токиогийн олимпын скейтбордын эмэгтэйчүүдийн төрөлд Японы 13 настай охин Момижи Нишияа түрүүлж, олимпын скейтбордын аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байна. Мөн Момижи Нишияа Японы түүхэнд хамгийн залуудаа олимпын аварга болсон тамирчин болж байна. Түүнээс өмнө Японы усанд сэлэгч Кёоко Ивасаки 14 насандаа 1992 оны Барселонагийн олимпод түрүүлж байсан юм.
Олимпын аваргын охин Олимпын аварга болов
ОХУ-ын домогт туялзуур сэлэмчин, олимпын 4 удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Станислав Поздняковын охин София Позднякова Токиогийн олимпоос анхны алтан медалиа хүртлээ. Туялзуур сэлэмчин бүсгүй финалын шатанд нутаг нэгт олимпын аварга Софья Великаяг ялсан юм. Домогт тамирчин Станислав Поздняков охиныхоо ялалтын дараа “Энэ хүртэл амьдарсандаа маш их бахархаж байна” гэжээ.
Домогт жүдоч, ковидын эсрэг тэмцсэн эмч Паула Парето энэ олимпоор зодог тайллаа
Аргентины жүдоч, олимп, дэлхийн аварга Паула Парето Токиогийн олимпод оролцоод их спортоос зодог тайлж буйгаа зарлалаа. Жүдоч, мэс заслын эмч, 35 настай Паула Парето Токиогийн олимпод 48 кг-ийн жинд өрсөлдсөн. Эхний хоёр барилдаандаа ялж, хагас шигшээд Японы жүдоч Фүна Тонакид ялагдсан юм. Тэрбээр “Токиогийн их олимпод оролцсон минь нэр төрийн хэрэг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Паула Парето 1986 оны нэгдүгээр сарын 16-нд Буэнос-Айресын Сан-Фернандод төрсөн. Улсынхаа жүдо бөхийн түүхэнд анх удаа олимпын наадмаас алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин тэрбээр 2008 оны Бээжингийн олимпын хүрэл, Рио-2016 олимпын наадмын алтан медальтай, дэлхийн жүдо бөхийн бахархал болсон тамирчдын нэг юм.
Олимп, дэлхийн аварга жүдоч бүсгүй улсынхаа эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг. Коронавирусийн цар тахлын хүнд үеүдэд улаан бүсэд ажиллаж байсан. Спортын өрсөлдөгчтэй биш үл үзэгдэх вирустай тэмцсэн тамирчин бүсгүйг олон улсын хэвлэлүүд ковидын эсрэг тэмцсэн зоригтнуудын нэгээр нэрлэсээр байна.
Жүдоч бүсгүй Буэнос-Айресын хойд хэсгийн Сан Исидро эмнэлэгт мэс засалчаар ажилладаг ч шаардлагатай үед цар тахлын эсрэг тэмцсэн хатан зоригтон юм. Ийнхүү Аргентины спортын домог болсон бүсгүй одоо мэс засалчийн ажилдаа өөрийгөө бүрэн зориулна гэдгээ илэрхийлэн, их спортоосоо буцаж байна.