Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх Токио-2020 олимпын наадмаас медаль хүртсэн тамирчныг 10 мянга, дасгалжуулагчийг 5000 ам.доллароор шагнахаар болжээ.
Тэрбээр энэ сарын эхээр олимпын бэлтгэл хангаж байгаа тамирчидтай уулзаж, хувцсыг нь гардуулсан бөгөөд энэ үеэрээ мөн л таван дасгалжуулагчийг сая төгрөгөөр шагнасан юм.
Өчигдөр тэрбээр чөлөөт бөхийн багийн хамт Токио хотыг зорьсон. Энэ үеэрээ МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа энэхүү урамшууллыг олгох болсон тухайгаа дахин онцолсон байна.
Эргэн сануулахад, чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпд анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авчраад байгаа.
Тэрээр "Тамирчдадаа урам зориг өгч, хөшүүрэг болгон медаль авсан тамирчнаа хувийн зүгээс 10 мянган ам.доллар, дасгалжуулагчийг нь 5000 ам.доллароор урамшуулахаа амласан" гэдгийг хэлээд Монгол зон олноо баярлуулж, сэтгэлийг нь огшоож, амжилттай барилдаасай гэж хүсэж байгаа гэлээ.
Чөлөөт бөхийн тамирчдын эхний барилдаан наймдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ.
Энэ удаагийн олимпын наадамд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзэх бөгөөд Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллах юм байна.