"Төрийн сангийн санхүүжилтээр 1993-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуулиудад “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж төгссөн төгсөгчид иргэний үүргээ биелүүлж дипломоо авна уу! Та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу!" хэмээн Боловсролын зээлийн сангийн албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтэлжээ.
Дээрх асуудлын дагуу Боловсролын зээлийн сангаас тодруулахад “1993-2016 оны хооронд төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн ч дипломоо аваагүй 15 мянга орчим төгсөгч байна. Мөн нийт 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт ороогүй. Зээлийн буцаан төлөлт орохгүй байснаар дараагийн зээлүүд хойшлох, багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлнө. Дипломоо авахгүй байгаа иргэдийг олон нийтэд зарлах болно” гэлээ.
Диплом авах иргэдийн анхааралд:
МУЗГ-ын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
МУЗГ-ын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2,8- аас дээш голч дүнтэй , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
Дээрх заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна. Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
- Иргэний үнэмлэх /эх хувь/
- Ажлын газрын тодорхойлолт
- Дипломыг өөр хүн авах бол итгэмжлэл хийлгэх юм байна.
Зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол
- Төрийн сангийн дансны дугаар: 100900000710
- Гүйлгээний утга: Овог нэр, регистерийн дугаар, төгссөн сургууль, утасны дугаар
- Төлбөр төлсөн баримт, иргэний үнэмлэхний эх хувь үндэслэн диплом олгох
- Диплом авах талаар мэдээлэл өгөх Утас: 70047009 /2-1 дотуур дугаар/