Монгол Улсыг төлөөлөн ширээний теннисний спортоор анх удаа олимпод оролцсон Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтдоо хожсон ч хоёр дахь тоглолтдоо ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Тэрээр олимпод оролцсон талаараа "Олимпын хамгийн гоё зүйл нь нээлтийн жагсаалд Монголынхоо шилдэг тамирчидтай хамт гарах байсан. Анхны ялалтаа авахдаа өрсөлдөгчийнхөө чансааны талаар бодоогүй. Ямартай ч нэг хожсондоо их баяртай байна. Дараагийн тоглолтдоо хожих ч боломж байсан байх. Сандрал бага байсан. Дараагийн олимпод оролцохыг мөрөөдөж байна. Одоо гаргаснаасаа илүү өндөр амжилт гаргахыг хүсэж байна. Хамгийн түрүүнд Монголынхоо тамирчдын чансааг дээшлүүлэх зорилготой байна. Олимпод оролцсоноор маш их туршлага хуримтлууллаа. Энэ спортоор хичээллэхэд гэрийнхэн маань их дэмждэг. Аав ээж минь тоглодоггүй ч дүү нар минь намайг дуурайж тоглодог. Ширээний теннисийг тоглоход бусад бүх зүйлээс тасардаг. Өдийг хүртэл намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эхний тоглолтод хожих нь гоё байсан ч түүнээс илүү их нөөц бололцоо байгааг мэдэрсэн. Олимпын аварга болох мөрөөдөл бий. Ирээдүйд итгэлийг нь алдахгүй сайн тоглоно" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Өдгөө 18 настай, дэлхийн чансааны 510-т бичигддэг Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд дэлхийн чансааны 203-т бичигддэг Тунисийн теннисчнийг ялсан билээ.