Өнөөдөр гепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Тус өдрийг “Гепатит … хүлээхгүй” уриан дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 116 сая хүн гепатитын В вирусийн архаг халдвартай амьдарч байна. Тэднээс 21 сая хүн шинжилгээ өгч оношлуулжээ. Үлдсэн 95 сая хүн нь гепатитын В вирусийн халдвартайгаа мэддэггүй.
Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 10 сая хүн гепатитын С вирусийн халдвартай амьдарч байна. Үүнээс 4 хүн тутмын 1 нь л шинжилгээ өгч оношлуулжээ.
Гепатитын В, С вирусийн халдвар нь Номхон далайн баруун бүсийн хэмжээнд вируст гепатитын шалтгаант нас баралтын 97%-ийг эзэлдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн тооцооллоор Монгол улсад 400,000 орчим хүн гепатитын В, С вирусийн халдвартай амьдарч байна.
Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин байна. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 хувь нь гепатитын B, C вирусийн халдвараас үүдэлтэй, 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэж судалгаагаар тогтоосон.
Ихэнх хүмүүст гепатитын вирусийн халдвар хүндрэх хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. В, С вируст гепатит нь халдвартай хүний цус, үрийн шингэн, биеийн бусад шингэнээр дамжин халдварладаг.
Халдвар авах эрсдэлүүд:
- Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх
- Зүү, тариур дамжуулж хэрэглэх
- Эмнэлгийн бус нөхцөлд мэс ажилбар, шивээс хийлгэх
- ХДХВ-ийн халдвартай байх
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
Гепатитын В, С вирусийн халдвар нь балархай эсвэл шинж тэмдэггүй байх тохиолдол байдаг.
Урьдчилан сэргийлэлт:
- Гепатитын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх
- Гепатитын В вирусийн эсрэг вакцин хүүхдэдээ хийлгэх
- Вируст гепатитыг оношлуулсан даруйд эмчилгээ хийлгэх
Эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь элэгний хатуурал улмаар хорт хавдар болж хүндрэх эрсдэлийг бууруулдаг.
ГЕПАТИТЫГ ОНОШЛУУЛ. ТУСЛАМЖ ХАЙ. ШИНЖИЛГЭЭ ӨГ.
ГЕПАТИТ … ХҮЛЭЭХГҮЙ
ГЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР – 2021