Энэ удаагийн олимпын наадамд Монгол улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин хүч үзэж, ур чадвараа сорьж байгаагийн зэрэгцээ таван шүүгч олимпын наадмыг дэнсэлж байгаа юм. Дэлхийн тамирчдын "гал гарсан" тулааныг шүүж байгаа таван шүүгчийг танилцуулъя
Олимпын жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг
24 жилийн турш жүдогийн спорттой амьдралаа холбож байгаа тэрбээр анх 2005 онд “Тэмүүжин” спортын сургалтын төвөөс дасгалжуулагчийн гараагаа эхэлж байжээ.Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр тодорсон юм. 2017 оноос хойш IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван удаагийн ДАШТ-ийг дэнсэлсэн.
Тэрбээр олимпын наадмыг шүүх болсон талаараа “Токио-2020 олимпын наадмын алтыг л шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийн тоглолт шүүсэндээ баяртай байна. Нэрс гараад л алт шүүхээ мэдэхэд манай шүүгчид надад баяр хүргэсэн. Абэ Үта тэмцээнд цомхон цомхон ордог. Түүнийг шүүж үзээгүй байлаа. Шүүе гэж бодож байсан. Темп өндөртэй, зүгээр зогсохгүй ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө 100 хувь хянаж чадсан. “Би үүнийг л хийх гэж, шүүх гэж ирсэн” гэж өөртөө гэж хэлж гарсан” хэмээн ярьсан юм.
Олимпын хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл нь Олон Улсын Хүндийн Өргөлтийн Холбооны Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажилладаг.
Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд олимпын наадамд шүүгчээр томилогдсон анхны эмэгтэй шүүгч юм. ДАШТ-д шүүгчээр долоон удаа уригдан шүүсэн, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпын наадмыг дэнсэлсэн.
“Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол хангасан.
Олимпын байт харвааны шүүгч Э.Саруул
Э.Саруул нь Францын Тулуз хотын Лю Мирай их сургуульд олон улсын худалдаа мэргэжлээр төгсчээ.2007 оноос байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Харин 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлжээ. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн. Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпийн наадамд тус тус шүүгчээр ажилласан.
Олимпын боксын шүүгч О.Мандахбаяр
Токиогийн олимпын шүүгчээр сонгогдсон О.Мандахбаяр нь Монголын боксчдын анхны дэлхийн аваргын медальт тамирчны хүү юм. Түүний аав Р.Отгонбаяр нь 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
Олимпын боксын шүүгч Т.Цогтгэрэл
Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван од буюу олимпын зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр зургадугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулсан билээ. Олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай шүүгч маань Монгол улсаас “Токио 2020” олимпын наадмыг дэнсэлж буй боксын спортын хоёр шүүгчийн нэг юм.