Оюутны байрандаа саван хийж худалдаалдаг Төгөлдөр болон Цэндмаа нарыг бид онцолж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч залуу хүн учраас хийж бүтээхийг хүссэн. Гэсэн ч ажил хийж ачаалал даах чадваргүй болохоор юу хийхээ бодсоны эцэст саван хийж зарахаар шийдсэн хэмээн ярьж буй тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.
2018 онд органик саван хийдэг таньдаг эгчийнхээ сургалтад суусан юм. Тэгээд энэ жилийн дөрөвдүгээр сард буюу хавар ширээн дээрээ сууж байгаад би залуу хүн, хөгжлийн бэрхшээлтэй, ажил хийх, ачаалал даах чадваргүй. Тэгэхээр юу хийж болох вэ, яавал өөрийн гэсэн орлоготой болох вэ гэж бодоод гэнэт саван маань бодогдсон. Саван бол хүний номер нэг хэрэгцээ шүү дээ. Мөн эрсдэл багатай гэж бодсон. Саван маань CU-ийн салбаруудаар зарагдаж байгаа. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар нэгэн химийн найрлагагүй болох нь тогтоогдсон, байгальд ээлтэй, эко саван байгаа юм.
-“CU”-гээр зарагдаж эхэлсэн гэж байна. Хүмүүс хэр авч байна?
Хүмүүсийн ам маш сайн байгаа. “CU”-д манай "Дэгжин органик" саван 4250 төгрөгийн үнэтэй байгаа. Би өөрөө хаяа гадуур явж савангаа борлуулдаг. Өөрөө борлуулахдаа 3500 төгрөгөөр борлуулдаг байгаа.
-Өөрөө гарч зардаг гэж байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн хандлага хэр байна, хүмүүс дэмжиж байна уу?
Манайхан маш сайн ойлгож, дэмжиж авч байгаа. Гэхдээ бас хүн болгон адилгүй. “Тээр шаах” хүн байна. Гэхдээ ихэнх нь өө сайн байна гээд авах нь элбэг.
Манай савангийн найрлага 100 хувь байгальд ээлтэй, эко, органик бүтээгдэхүүн байгаа. Мөн манай савангийн бүх бэлдэц материал, орц найрлагыг Солонгос улсаас оруулж ирдэг. Ямар ч химийн найрлагагүй. Хүний биед сөрөг нөлөө байхгүй.