“Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд оролцсон манай улсын тамирчин ОУХМ Б.Чинзориг эхний тоглолтоо Узбекстаны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эльнур Абдураимовт ялагдаж, олимпоо дуусгасан.
Ялагдал хүлээснийхээ дараа тэрбээр “Хэлэх үг олдохгүй байна. Үнэхээр харамсалтай байна. Уучлаарай л гэж хэлье. Тактик бэлдэж гарч ирсэн боловч хоёрдугаар үед бага зэрэг тактикаа алдчихлаа. Та бүхнийхээ итгэлийг алдсанд уучлаарай” хэмээн монголын ард түмнээс уучлал хүссэн юм.
16 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, олимпын тавцанд дахин гарсан Б.Чинзоригийн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Тэрбээр анх 2005 онд боксын спортод хөл тавьж, анхны гараагаа “Алдар” спорт хорооноос эхэлж байсан. “Алдар” спорт хороонд сагсан бөмбөгийн секцэд явдаг байх үед найз Б.Гансүх нь боксын секцэд явдаг байжээ. Найзынхаа бэлтгэлийг очиж үзэх үед бэлтгэл хийж байсан нь маш сонирхолтой санагдсан. Тиймээс сагсан бөмбөгөө орхиж, боксоор хичээллэж эхэлсэн” хэмээн ярилцлага өгөхдөө хэлжээ.
Энэ удаагийн олимп түүний хувьд анхных биш юм. “Рио-2016” олимпод эрэгтэйчүүдийн боксын 64 кг-ийн жинд хүч сорьсон ч хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчин В.Дунайцевт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлж байв.
МУИС-ийн Эдийн засгийн ангид сурдаг байсан ч тэмцээн, уралдаанд оролцохын хажуугаар сурах хүндрэлтэй байсны улмаас төгсөж чадаагүй байна.
Өдгөө 30 нас хүрч байгаа тэрбээр сагсан бөмбөг тоглох, амьд хөгжмийн тоглолт, сонгодог урлаг үзэх дуртай.
Амжилт:
-Улсын 8 удаагийн аварга
-Армийн дэлхийн аварга
-Азийн наадмын мөнгө
-Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль
-Боксийн рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан