Коронавирусийн халдвар нийслэлийн бүх газраар тархаж, дельта хувилбар ч манай улсад бүртгэгдээд байна. Цар тахлын эрсдэл өндөр байгаа энэ үед үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа эсэхийг сурвалжиллаа.
“Алтай центр” худалдааны төв рүү ороход халуун хэмжигч, гар ариутгагч зэргийг байрлуулсан байсан хэдий ч хяналтын ажилтан байхгүй байлаа.
Энэ талаар худалдааны ажилтнаас тодруулахад “Үүдэнд суудаг, хяналтын ажилтан маань цайндаа орсон байна. Манай байгууллага орж ирсэн хүмүүсээс бүгдээс нь халууныг үзэж байгаа. 38-аас дээж градустай байвал тусгаарлах байранд оруулж байгаа юм. Худалдагч нар маань бүгд нэг удаагийн малгай бээлийтэйгээ, хүн хоорондын зай барих ажлыг хийж байгаа. Мөн таваас доош насны хүүхдүүдийг оруулахгүй байгаа юм.
Хяналтын ажилтныг цайндаа орох үеэр би зогсдог. Өөрөө халууныг нь үзээд, гарыг нь ариутгаад оруулж байна. QR код уншуулаад, уншуулаагүй хүнийх нь нэрийг бичиж аваад, гарыг нь ариутгуулаад оруулж байна даа” гэж хэллээ.
Харин хажууханд нь байрлах хүнсний дэлгүүрийн хаалгаар ороход халуун хэмжигч байтугай гар ариутгагч ч байсангүй. Энэ талаар тодруулж шаардлага тавихад лангууныхаа араас ажилладаг эсэх нь тодорхойгүй электрон халуун хэмжигч гаргаж ирсэн юм.
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн ажилтан Г.Баярбундах “Манайх өдөр тутам өглөөний 10.00 цагаас хаалган дээрээ зогсоод орох хэсгээрээ хүнээ оруулаад, гарах хэсгээрээ гаргадаг. Халдваргүйжүүлэх утаатай хаалгатай, бээлийтэй, гар ариутгагчтай үйлчилж байна. Хувь хүмүүс ч гэсэн өөрсдөө ариун цэврээ маш сайн сахидаг болсон байна. Нэг үеэ бодвол хүмүүс бээлийтэйгээ масктайгаа, гар ариутгагчтайгаа явж байна. Ерөнхийдөө хүүхэд оруулахгүй байгаа. Гэхдээ зарим хүмүүс шаардлага биелүүлэхгүй юм. Хүүхдүүдээ дагуулж явж байгаа хүмүүс маш их байна. Эцэг эхчүүдэд хэлэхэд хамгийн гол нь хүүхдүүдээ битгий их дагуулж яваач ээ” гэв.