Усархаг бороо их орж байгаагийн улмаас Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгуудад үер болж, зам даваа хаагдах, хүн эндэх тохиолдол гараад байна. Тэгвэл энэ үер Хятад, Бельги, Герман зэрэг орнуудад болоод байгаа их үерийн нүүдэл үү гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч М.Солонго “Ерөнхийдөө өмнө талаар Хятадад болж байгаа үер далайн гаралтай, тайфунаас хамааралтай. Ерөнхийдөө тэндээ циклон үүсчихсэн. Түүнээс орж байгаа. Сая Өмнөговьд ордог бороо бол баруун хойноос чиглэлтэй процесс орж ирсэн. Тиймээс далайн гаралтай үүссэн гадны орнуудад болоод байгаа их үер манай улсад нүүрлэхгүй. Үер болж байгаа нь тухайн газрын хөрснөөсөө шалтгаалдаг. Хөрсөндөө шингэж өгөхгүй бол үер болох эрсдэлтэй.
Ойрын өдрүүдэд халж байгаа газруудаараа дуу цахилгаантай гэнэтийн аадар бороо орно. Тэгэхээр нутгийн хойд хэсгээрээ, баруун болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн маягтай бороо орохоор харагдаж байна. Харин нутгийн өмнөд хэсгээрээ дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Аадар бороо нэг орохдоо богино хугацаанд их хэмжээтэй ордог.” гэлээ.