БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө нар албан ёсны уулзалтаараа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцлон тэмдэглэж, цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хурандаа генерал Вэй Фөнхөгийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэнийг тэмдэглэсэн бол БНХАУ-ын Батлан сайд хурандаа генерал Вэй Фөнхө, түүний энэ удаагийн айлчлал нь Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцлов.
Эх сурвалж: БХЯ