Эх орныхоо баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаар Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр Ховд аймгийн удирдлага, иргэд угтан авлаа.
Э.Даваажамц зургаадугаар сарын 2-ны аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж өнөөдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ уулзлаа.
Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг даргын хувьд ИТХ-тай зөвшилцсөний дагуу хоёр өрөө байраар мялааж, "БАТЛАМЖ" гардууллаа.
Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн гурван гишүүнийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.
Ахлах ахлагч Э.Даваажамцын гэр бүл БОЭТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өглөө.