УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгөв.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарласан. Тухайн спортын төрөлдөө хамаарах тусгай шаардлагыг мэргэжлийн холбоод нь батлаад холбогдох ЭМЯ, ХӨСҮТ, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас санал аван аймаг, нийслэлийн онцгой комисстоо хүсэлтээ хүргүүлнэ. Зохион байгуулах эсэхийг нь Засаг дарга, онцгой комисс шийднэ. Нийслэлийн хэмжээнд тэмцээн зохион байгуулахаар болвол НОК шийднэ. Хэрэв аймаг орон нутаг бол тус аймгийн онцгой комисс шийднэ.
Тухайн орон нутагт зохион байгуулах тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахгүй байх чиглэлийг өгсөн гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.