Манай улсад коронавируст халдварын тоо буурч байгаа ч наймдугаар сарын дундуур дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан бид ковидоор өвчлөөд эдгэрсэн иргэдэд өгөх эмчийн зөвлөгөө хүргэж байна.
Уушгины Мэс Заслын Тэргүүлэх Зэргийн Эмч, Профессор С.Мөнхбурам,
“Эмнэлэгт очиж эмчлүүлсэн хүмүүсийн уушгинд үлдэц өөрчлөлт, хатуурал сорвижилт нь бага байна. Харин хөнгөн туссан гээд гэртээ С витамин, Д витамин, антибиотек уусан хүмүүсийн уушги холбогч эдийн өөрчлөлтөд их орж байна. Эмчилгээ хийлгэхгүй үл ойшоогоод байсан хүмүүсийн уушги 5-6 сарын хугацаанд эмчлэгдэхгүй, эмгэг нь шимэгдээгүй харагдаад байна. Тэгэхээр эмчилсэн нь дээр гэж зөвлөхөөр байна. Эмчлэхдээ эхлээд онош тодруулна. Мэргэжлийн эмчдээ хандсан нь дээр. Заавал гарч гүйх шаардлага байхгүй. Салхинд гараад алхах ёстой юм.
Мөн уушгиа хамгаалах зөвлөгөө өгөхийн тулд нэгэн түүх ярьж өгье.
Би Болгарт мэргэжил дээшлүүлж байлаа л даа. Тэнд хатгалгаатай залуучуудыг том өрөөнд хэвтүүлчихсэн. 00-руу нь хүртэл зөөж үйлчлээд байсан юм. Хөлөнд нь уушгиных нь зургийг тавьчихсан. Түүнийг нь үзэхээр харьцангуй гайгүй өвчтөнүүд байсан. Би их гайхаад профессороос нь, “Энэ ямар учиртай босгохгүй байгаа юм” гэхэд, “Гар нь хугархай хүнд яагаад гипс тавьдаг билээ” гэж байна. “Хөдлөх юм бол эдгэхгүй учраас” гэхэд “түүнтэй л адилхан шүү дээ. Чи яагаад уушгины өвчтэй хүнийг явуулах гээд байгаа юм. Ачаалал өгөх юм бол эдгэхгүй удна шүү дээ” гэсэн юм. Яг үүнтэй адил хэт ачаалал өгч гүйж харайлгүй салхинд гарч, тайван алх. Гимнастик хийж болно. Хүмүүс агаарт гарахаар эдгэчихдэг юм шиг ойлгоод байх юм. Хэрвээ агаарт гараад эдгэдэг бол эмчилгээний ямар хэрэг байх вэ. Эмчийн хэрэг ч байхгүй байлгүй дээ” гэв.