“Тэр” буландаа Бодибилдингийн Дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальтан, ОУХМ, тамирчин, дасгалжуулагч Ж.Баянмөнхийг урьж ярилцлаа. Анх амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдэн сонгож байсан бодибилдингийн спорт өнөөдөр түүний хувьд амьдралынх нь салшгүй нэг хэсэг болон ирээдүйд гаргасан амжилтуудаа ахиулан эрүүл амьдрал, зөв хооллолтын талаар сурсан мэдсэнээ бусдад харамгүй түгээх чин хүсэл нь болжээ.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Жаргалсайхан овогтой Баянмөнх гэдэг. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Олон Улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальтай тамирчин хүн байна. Сайхан ханьтай, хоёр сайхан хүүтэй. Манай аав намайг нэгдүгээр ангид байхад нас барсан.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ, хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?
-Хүүхэд нас Орхон аймагт өнгөрсөн. Ам бүл гурвуулаа. Нэг дүүтэй, нэг ахтай. Аав нас барахад бид гурав яах учраа олохгүй хүнд байдалд үлдэж байсан. Өнчин байсан болохоор ч тэр юм уу миний хор шар их байсан. Онц сурах ёстой гэж ойлгодог. Онц сурвал дарга болдог. Дарга болох юм бол гэр бүлээ тэжээнэ гэдэг зүйл багаасаа суучихсан. Тухайн үед би сургуулийнхаа хамгийн сайн сурагч нь байлаа. Үеийнхэндээ жоохон гайгүй “Атаман” гэдэг нэртэй. Атаман болохоор их олон хэрэг төвөгт холбогдоно. Нэг хүүхдийн нүд цохичихно. Тэгээд тухайн үед цагдаа хүрч ирнэ. Сургуулиас хөөх гэхээр гурван сургуулиас нэг хүүхэд нь л тэргүүний сурагч байдаг. Тэр нь би л байдаг байсан. Магадгүй тэр үед байсан бэрхшээл болгон миний хувьд том сургамж болсон. Манай ээж бас мундаг хүн л дээ. Би их бахархдаг юм. Тэр үед би гэр хорооллын хүүхэд, байранд амьдрах хүсэлтэй. Байрны хүүхэд цагаан, би хар. Би ер нь жоохон гангарах дуртай. Би ээждээ байр гээд л яриад байдаг байсан. Тэгээд нэг удаа ээж намайг аваад айлын гал тогоо түрээсэлж байсан.
“Эрдэнийн сан” гээд тухайн үеийн Монголын хамгийн анхны хувийн сургууль гэж ярьдаг юм. Бас өндөр төлбөртэй. Манай ээж зээл тавиад, өөрөө идэх хоолгүй байж намайг тэр сургуульд оруулж байсан. Тэгээд нөгөө ангийнхандаа тал засаад дуудчихсан чинь нөгөө нэг ядуу айлын гал тогоо түрээсэлдэг хүүхэд чинь энд амьдардаг юм байна гээд. Миний нэг чадах зүйл тэд нарыг буцаагаад зодох л байсан. Өөр юм хийж чадахгүй. Тэгээд сургуулиасаа хөөгдөж байсан. Одоо ингээд харахаар яг тухайн үед байсан миний тэр үеийн ангийнхан бүгдээрээ надтай найз. Одоо ингээд эргээд харахад би арай их амьдрал үзсэн болохоор илүү их гоё замаар явж байгаа юм шиг санагддаг.
-Анх хэрхэн бодибилдийнгийн спорт руу орсон бэ?
-Би урьд нь DJ мэргэжилтэй байсан. Яг амьдралын буруу хэвшил гэдэг зүйлийг утгаар нь хийдэг. Оройн цагаар хооллодог. Хүмүүсийг унтаж байхад ажиллаж байдаг. Ер нь энэ зүйлийг өөрчилье гэж бодоод мөрөөдлийнхөө дагуу фитнесст явж эхэлсэн. Өнөөдөр тэр хийсэн алхамдаа маш их баярлаж явдаг. Ер нь бол хүн болгоны нийтлэг ойлголт тийм байдаг шүү дээ. Биеийн хөгжил сар болоод гоё болчихно. Зарим нь 14 хоноод гоё болчихно гэж бодоод байдаг. Миний хувьд ч гэсэн анх тийм бодолтой байсан. Мэдээлэл авахад их хомс. Хүмүүсээс нэг юм асуухаар ихэнх нь ер нь бол хариулахгүй шүү дээ.
-Амаргүй спорт гэдэг шүү дээ. Шантрах үе байв уу?
-Маш олон зүйлийг үзэж байсан. Шөрмөс татах, өтгөн хатах, цагаан мах эргэх, эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Маш олон гэмтэл, маш олон зүйлийг амссан. Нурууны халаалт хийхгүйгээр нурууны дасгал хийгээд нурууны мэдрэлийн судал нь дарагдаад мэдээ алдаж байсан. Тухайн үед би ээжийгээ арай л зовоож байна. Тэгээд би шууд ээжид хэлсэн. Ээжээ би зүгээр ээ. Гараад бэлтгэлээ хийе гэсэн. Бараг зургаан сар эмчилгээ хийлгэж яваад бэлтгэлээ хийж эхэлсэн. Хоёр, гурав хоног хийхэд миний бүх зүйл алга болоод. Түүнээс хойш би хэцүү байх болгондоо энэ спортын заал руугаа ирдэг болсон. Энэ нь сүүлдээ явсаар байгаад миний хувьд тэмцээнд орох хэмжээнд очсон. Нэг удаа “Gym”-ийнхээ тэмцээнд орсон.
Тухайн үед Аварга болсон. Түүндээ баярлаад гоё ч биетэй болж байлаа. Хотын аварга болсон тухайн жил. Тэр тэмцээнд бас би түрүүлчихдэг юм. Тэгээд урам орчихсон. Хотын аварга болсон хүмүүст Азийн аваргад орох эрх өгөөд тэгээд Азийн аваргад оролцоод. Түүнээс хойш ер нь оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргасан. Салшгүй холбоотой болж эхэлсэн.
-Хамгийн бартаа ихтэй, сургамж болсон тэмцээнээсээ сонирхуулбал?
-Солонгост бас нэг тэмцээн болсон юм. Зардал их өндөр байсан. Тухайн үед тэмцээн гээд яваад байсан болохоор манай гэрийнхэн ч сүүлдээ дэмжих боломж байхгүй. Тухайн үед бодибилдингийн тамирчныг ойлгохгүй шүү дээ. Бид нар л олон жилийн өмнөөс ярьсаар байгаад одоо хүмүүс эрүүл амьдрал гээд бид нарыг мэддэг болж байгаа болохоос огт тоодоггүй байсан юм. Амжилт гаргасан ч медалиас өөр юу ч байхгүй. Тэгээд тэр тэмцээнд шавхаад оролцсон юм. Амжилт гаргана гэдэгт өөртөө маш их итгэлтэй байсан. Монголоос 14 хүн амжилт гаргасан. Нэг л хүн амжилт гаргаагүй, тэр нь би байсан. Тухайн үед их гутарсан. Монголд ирсэн чинь өр үлдээсэн байсан болохоор маш олон ломбардын бичиг энд тэндээс ирээд л. Бүх юм миний эсрэг байсан. Өссөн гэр орондоо очоод хашаандаа очоод, аавынхаа газар дээр очоод сэтгэл санаанд арай өөр бодол орж ирсэн. Тэгээд би шууд дахиад бэлэн болчихсон. Ялагдал хүнийг аварга болгодог гэдэг шиг би дараагийн тэмцээндээ хоёр ангилалд мөнгө, хүрэл медаль авсан. Бага багаар явсаар байгаад арван ширхэг ломбардын бичиг ес болоод, найм болоод, долоо болоод, зургаа болоод. Ямар ч өргүй болсон. Сүүлдээ тэмцээнд явах зардал асуудал арай гайгүй болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл явсан.
-Тэсвэр хатуужилтай хүн л энэ спортоор тууштай хичээллэж байгаа харагддаг?
-Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө баян гэж боддог. Яагаад гэхээр би хоёр сайхан хүүхэдтэй, санаа зовох зүйл байхгүй. Тэр зүйлийг туулчхаад одоо их баярладаг. Энэ спортдоо их хайртай. Хэцүү байгаа үедээ энэ спортоор өөрийгөө авч гарч байсан. Мянга тэр хүн боломжтой байгаад, мянга тэр хүн гоё пропорцтой байгаад сахилга батгүй бол хэн ч биш. Энэ нь өөрөө сахилга батын спорт.
-Та бас дасгалжуулагч хүн. Зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Өөрийнхөө ярьж байгаа зүйлийг үнэн бодитыг батлахын тулд энэ зүйлийг хэрэглээд ийм болж байна, ийм амжилтыг гаргаж чадаж байна. Тууштай явсан хүн ийм байна гэдгийг харуулахыг хичээдэг. Гол зорилго маань амжилтаа ахиулна. Олон хүнд урам зориг өгөхөөр өөрт байгаа боломжоо ашиглан гадаад байгаа монголчуудад зориулаад онлайн сургалтыг анх санаачилж байсан. Дөрвөн жил болж байна шүү дээ. Би өөрийгөө нийгэмд нэг зүйл ч хийсэн гэж боддог. Тэр үед чинь заавал би мөнгө барьж очиж байж л зөвлөгөө авдаг байсан. Одоо бол чи өөрөө хаалттай байгаад, мэддэг юмаа нуугаад байх юм бол чиний мэддэг мэдлэг чинь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг ойлгочихсон. Хүн болгон мэддэг зүйлээ бичдэг болсон. Түүнээс олон хүн урам авч, олон хүн өөрчлөгдөж байна. Миний нийгэм муухай байх юм бол би ганцаараа жаргалтай амьдраад яах юм. Монголчууд хооллолтоосоо таргалалт бий болоод түүнээсээ болж маш олон өвчлөлүүд бий болсон. Ковид бол цаашаа шүү дээ. Хэд дахин их байгаа. Тэр зүйлд чиглэсэн зүйлүүд хийх гэж хичээдэг. Эрүүл амьдралын хэв маягийг заадаг багш, өөрөө үлгэр жишээ үзүүлэх гэж хичээдэг, тамирчин дасгалжуулагч байгаа юм.