Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпийн наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр дөнгөж сая 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.
Тулааныг манай тамирчин маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр энэ үед 3:2-оор илүүрхсэн ч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед Узбекистаны тамирчин 5:0-ээр илүүрхжээ. Шийдвэрлэх гуравдугаар үед Б.Чинзориг илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв. Хоёрдугаар үеийн тааруухан тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ.
Хоёр боксчин өмнө нь биесээ нэг, нэг хожоод байсан. Манай тамирчин Б.Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан бол олимпийн рингэнд ийн харамсалтай ялагдав.
Эх сурвалж: МҮОХ