Манай улс 1964 оноос хойш зуны олимпын наадамд тасралтгүй оролцож байгаа билээ. Тэгвэл Япон улсын Токио хотноо болж буй зуны Олимпын XXXII наадамд эх орноо төлөөлөн боксын төрлөөр оролцож буй тамирчдыг танилцуулъя.
Монголын боксчдын салхийг хагалж Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр тулалдсан. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарсан. Э.Цэндбаатар энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг ван Нгуентэй нударга зөрүүлнэ.
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, Гавьяат тамирчин ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР
Э.Цэндбаатар нь 1996 оны 10 сарын 16-нд төрсөн. 2008 оноос боксоор хичээллэж 19 насандаа анхны олимпдоо оролцож тавдугаар байранд орж байсан. Токиогийн зуны олимпод Боксын төрлөөр эрэгтэй 57 кг-ийн жинд оролцож байна.
Түүний гаргаж байсан амжилтуудаас нь дурдвал ДАШТ-ий хүрэл медальт, "Жакарта – 2018"Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий аварга, “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт, Улсын дөрвөн удаагийн аварга юм. Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.
Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен – 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байжээ.
Олимпын наадамд оролцох Монгол Улсын анхны эмэгтэй боксчин МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ
Эмэгтэй боксын 75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал нь олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож буй анхны эмэгтэй боксчин юм. Тэрбээр 1992 оны 3 сарын 3-нд төрсөн. 21 насандаа боксын спорттой амьдралаа холбосноос хойш есөн жил уг спортоор тасралтгүй хичээллэжээ. Түүний амжилтуудаас дурдвал улсын аварга, “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээний аварга болж байсан. Боксын рингэнд 92 тулаан хийж, 61 ялалт байгуулжээ.
Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен – 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ.
Армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ
“Токио-2020” зуны олимпод боксын төрөлд 63 кг-ийн жинд хүчээ сорьж буй Б.Чинзориг нь 1991 оны 9 сарын 21-нд төрсөн. Тэрбээр 2005 онд боксын спортод анх хөл тавьснаас хойш 15 жил боксоор тасралтгүй хичээллэж байгаа аж. “Алдар” спорт хорооноос тамирчин болох гараагаа эхэлж байжээ. Түүний амжилтуудаас дурдвал улсын 8 удаагийн аварга, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан
Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен – 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна.
Өнөөдөр 17:18 цагт бокс эрэгтэй 63 кг жинд Б.Чинзориг, долдугаар сарын 28 нд 10:30 цагт бокс эмэгтэй ангилалд 75 кг –ийн жинд М.Мягмаржаргал нар тус тус урьдчилсан шат буюу шигшээд хүч үзнэ. Тэмцээнийг NTV, TV8, TM телевизээр хүлээн авч үзээрэй.
ЭХ СУРВАЛЖ: МҮОХ