Буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд 10 метрийн урьдчилсан шатанд Монгол улсын тамирчин Ц.Анударь есдүгээр байр эзэлсэн. Анхны олимподоо оролцож байгаа тэрбээр Биеийн тамир улсын хорооны Токио дахь сурвалжлах багт өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн олимпод тамирчид маш сайн буудлаа. Миний хувьд ч гэсэн сайн буудсан гэж бодож байгаа. Миний “контрол” ч гэсэн нэлээн өндөр байсан. Нэгт байгаа хүнээс нэг л “контрол”-оор дутуу байсан. Сүүлийнхээ хоёр гурван сумыг алдчихлаа гэж бодлоо. Багшгүй байсан болохоор өөрийгөө хэдэд явж байгааг харж чадаагүй. Гарч ирээд есдүгээрт байгаагаа харсан. Багштай явсан бол илүү байх байсан. Хэдийгээр намайг харж байгаа хүн байсан ч самбараас оноо харах боломжгүй. Алдааг минь хэлээд, сайн ажиллаарай гээд засаад өгөх хүн байсан бол илүү байх байсан юм болов уу гэж бодсон. Өөрийнхөө шүтдэг олимп, дэлхийн аваргуудтай хамт буудна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргахыг үнэхээр их хүсдэг. Энэ удаад анхны олимп болохоор туршлага дутчихлаа. Гэхдээ тэмцээн дуусаагүй. Холимог төрөл гэж байгаа. Энэ төрөлд илүү бага буюу нэг хүн гучин сум бууддаг. Би өөрийнхөө хувьд дундаж, барьдаг оноогоо бариад, Даваахүү ах бас энгийн үед онодог оноогоо оночихвол финалдах магадлал өндөр байгаа” гэлээ.