“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд эх орноо төлөөлөн буудлагын спортын төрлөөр оролцож буй тамирчдын талаар танилцуулъя.
Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар ОТРЯДЫН ГҮНДЭГМАА – Эмэгтэйчүүдийн 10, 25 метрийн гар буу
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа нь Катар Улсын Доха хотноо болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авч байсан. Тэрбээр зуны олимпын их наадамд 7 дахь удаагаа оролцож буй туршлагатай тамирчин юм. О.Гүндэгмаа 1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөж буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
ЦОЛМОНБААТАРЫН АНУДАРЬ – Эмэгтэйчүүдийн 10, 25 метрийн гар буу
2019 оны дөрөвдүгээр сард болсон Бээжингийн цомын тэмцээнд буудлагын тамирчин Ц.Анударь зургадугаар байр эзэлж “Токио 2020” олимпын наадамд оролцох Монгол Улсын анхны эрхийг авч байсан. Тэрбээр буудлагын спортоор зургаа дахь жилдээ хичээллэж буй.
Монгол Улсын насанд хүрэгчдийн 2 алт, 3 мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Анударь нь 24 настай. 10 метрийн хийн гар бууны төрөлд 578 оноо авснаар Монгол улсын дээд амжилтыг эзэмшсэн. Тэгвэл энэ төрлийн дэлхийн дээд амжилт 583 байдаг байна.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ЭНХТАЙВАНЫ ДАВААХҮҮ – Эрэгтэйчүүдийн 10 метрийн гар буу
Буудлагын спортоор 11 жи хичээллэж буй тэрбээр Токиогийн олимпд оролцох эрхээ авсан Монголын хоёр дахь тамирчин юм. 2009 оноос хойш УАШТ-д хоёроос цөөнгүй дасгалд онч сорихдоо гурван удаа мөнгө, бусдад нь алтан медаль хүртжээ.
Монгол Улсын дээд амжилтыг олон удаа шинэчилсэн тэрбээр оюутны дэлхийн наадамд 2015 онд түрүүлж, Монголын буудлагын спортынхноос анхдагч болсон. Тэгэхдээ төрсөн ах Э.Бадамгарав болон О.Төгөлдөрийн хамт хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метр, сонгомол гар бууны 50 метрийн дасгалд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Азийн АШТ-ий мөнгөн медальт ОЮУНБАТЫН ЕСҮГЭН – 10, 50 метрийн урт буу
Катарын Доха хотноо эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлж Токио-2020 олимпын эрх авч байсан. Оюунбатын Есүгэн нь 1999 оны зургадугаар сарын 20-нд төрсөн.
Тэрбээр 2013 оноос буудлага спортоор хичээллэж эхлээд 2014 онд спортын мастер цол хүртсэн, 2015 оны Новисадын Гранд При тэмцээний хэвтээ 60 сум буудах төрөлд хүрэл медаль, Дэлхийн оюутны Универсалд 2019 наадмын урт бууны 10 м зайн тэмцээний шагналт 6 дугаар байрт шалгарч байсан билээ.
Эх сурвалж: МҮОХ