Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймагт үер бууж, Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр ус их хэмжээгээр орж, эвдрэл гарч болзошгүй болсон тул уг замыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Үер усны улмаас байрнуудын подвал усанд автаж, цахилгааныг салгаж аюулгүй болгохоос гадна, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлж, уулнаас бууж байгаа үерийн усыг төв уруу оруулахаас сэргийлэн далан байгуулан ажиллаж байгаа юм байна.
Замууд усанд автсан байгаа тул иргэдийг суудлын автомашин болон мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө. Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр бороо дөрөв хоног үргэлжлэн орон төлөвтэй байгаа тул иргэдийг Даланзадгад чиглэлд зорчихгүй, хэрэв зорчвол анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой комиссоос зөвлөж байна.