Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-нд манай улсын 9 тамирчин спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.
08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөл энэ өдөр эхэлж О.Гүндэгмаа, Ц.Анударь нар цэц сорино. Хоёр тамирчин бусад орны 48 тамирчны хамт финалын наймд үлдэхийн төлөө өрсөлдөн. Тус төрлийн финал 10:15 цагаас эхэлнэ. (UBS, SBN, VTV)
09:15. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно. (NTV, TV8, TM)
10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг жингийн хасагдах шат буюу шигшээ 32-т Л.Сосорбарам Узбекистаны Диора Келдиороватай барилдана. Тус жингийн барилдаанууд 10:00 цагаас эхлэх ба манай бөх дэвжээний долоо дахь барилдааныг хийнэ.
Мөн энэ өдөр 10:00 цагаас эхлэх жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү зодоглоно. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр Беларусийн Дмитри Минку, Катарын Аюуб Элидрисси нарын ялсантай дэвжээний 15 дахь барилдааныг хийнэ.
Хоёр жингийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)
13:00. Монголын 3х3 эмэгтэй шигшээ баг өдрийн хоёр дахь тоглолтоо ОХУ-ын багтай хийнэ. (NTV, TV8, TM)
17:18. Боксын эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шат буюу шигшээ 32-т Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой хүч үзнэ. (NTV, TV8, TM)