Үндэсний соёл амралтын хүрээлэн өнөөдрөөс эхлэн иргэдэд үйлчилж байна. Ингэхдээ ачааллынхаа 50 хувиар ажиллах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгсөн байна. Мөн зургаагаас доош насны хүүхдийг парк руу оруулах хэдий ч тэдэнд зориулсан тоглоом ажиллахгүй.
Энэ талаар “ҮСАХ” ХХК-ийн бизнес хөгжлийн газрын дарга М.Нүрмаа “Паркаар үйлчлүүлэхийн тулд насанд хүрсэн хүмүүс вакциныхаа хоёр тунд хамрагдсан байх гэдэг шаардлага тавьж байгаа. Хоёрдугаарт нь амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай баримтлах ёстой. Гуравдугаарт зургаагаас доош насны хүүхдэд үйлчилж болохгүй гэсэн. Тэгэхээр 6-18 насны хүүхдүүд эцэг эхийнхээ хараа хяналттайгаар, асран хамгаалагчтайгаа ирж үйлчлүүлнэ гэсэн үг. Асран хамгаалагч нь вакцинаа хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Зургаагаас доош насны хүүхэдтэйгээ ирж болно. Гэхдээ тоглоом дээр үйлчлүүлэх, билет худалдаж авах, бусад үйлчилгээнд бол зургаагаас доош насны хүүхдэд үйлчлэх боломжгүй” гэж хэллээ.
Хэдий багачуудад зориулсан тоглоом, үзвэр үйлчилгээ ажиллахгүй ч бага насны хүүхдээ дагуулан ирсэн иргэд их байна.
Цар тахлын улмаас хаалттай байсан чөлөөт цагаа өнгөрөөх газар нээсэнд баяртай байгаа талаар иргэд ингэж ярив.
“Бага насны хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй болохоор халдвар авах эрсдэл өндөр байгаа. Тиймээс зургаан наснаас доош хүүхдүүдэд үйлчлэхгүй гэж зөв арга хэмжээ авсан гэж бодож байна”
“Хөдөө явж чадахгүй хүмүүс их байгаа шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ агаар салхинд гаргахаар паркт ирдэг. Орж ирэх болгондоо тоглоом, дэлгүүрүүд хэзээ ажиллах юм бол гэж хэлдэг байсан. Одоо бол сэтгэл нь сэргээд гоё байх шиг байна”