Монгол Улсад айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Чойжин ламын сүм музейд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улс дэлхийд хосгүй өөрийн гэсэн өв соёлтой бөгөөд Соёлын яамыг бие даан байгуулсан нь монголчууд соёл уламжлалаа хэрхэн хүндэтгэж, чухалчилдаг болохын илрэл, соёл бол манай улсын тусгаар тогтнолын томоохон хэсэг гээд Монгол Улсын өв соёлыг хүндэтгэн хоёр улсын соёлын асуудлаар тухайлан ярилцахаар ирсэнд талархал илэрхийллээ.
Мөн Соёлын яам байгуулагдсанаар Монгол Улс соёлын асуудлаар улс орнуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болж, Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хуулийг баталсан зэргээр орчин цагийн соёлын харилцааг зохицуулах томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн талаар танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ий тодорхой хувийг бүрдүүлж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа Кино үйлдвэрлэлийн чиглэлээр АНУ-ын уран бүтээлчид Монгол Улсад ирэх бол хөнгөвчилсөн виз мэдүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг бодит дэмжлэг бий болсон зэрэг боломж байгааг дурдаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлэн ярилцлаа.
Хоёр улсын хамтарсан кино уран бүтээл хийснээр монгол уран бүтээлчдийг Холливүүдтэй туршлага солилцоход дэмжлэг болохоос гадна кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, үндэсний кино урлагийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болох юм.
Түүнчлэн талууд соёлын өвийг хамгаалах, хадгалах чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, соёлын өвийг хамгаалах, музейн үзүүлэг дэглэлтэд хамтран ажиллах, хууль бусаар хил давсан олдворуудыг Монголын музейн сан хөмрөгт шилжүүлэх зэрэг ажлууд хурдацтай урагшилж, ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, уулзалт болсон Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад АНУ-ын талаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд ганцхан эдийн засгийн хувьд бус соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлд мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах асуудлаар хамтран ажиллахад түлхүү анхаарах болсон юм.
Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманд хандан хоёр орны соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон явдалд талархал илэрхийлж, хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.