Олон Улсын Математикийн 62 дахь удаагийн Олимпиадад эх орноо төлөөлөн оролцож буй манай сурагчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багаараа 11 дүгээр байрт орлоо.
ОХУ-ын Санкт Петербург хотноо энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй олимпиадаас сурагч А.Нямдаваа, М.Өнөболд нар алт, О.Мишээл, Ц.Сайханбилэг нар мөнгө, Б.Батсамбуу, Д.Энэрэлт нар хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын багийг Б.Батбаясгалан, У.Батзориг багш нар удирдан оролцсон юм.
Монголын багийг удирдсан Б.Батбаясгалан багш фэйсбүүк хуудастаа "Олон Улсын Математикийн 62 дугаар олимпиадад манай сурагчид тун амжилттай оролцож багийн дүнгээр дэлхийн 105 орноос 11 дүгээр байрт орж түүхэн амжилт үзүүллээ.
Сурагчдын маань амжилт санамсаргүй зүйл байсангүй. Олон жилийн туршид бага, дунд ангиас нь олимпиадад бэлтгэн оролцуулж байсан Б.Батцэнгэл, Н.Баянбат, Д.Алтангэрэл багш, Д.Ганчимэг зэрэг багш нарын тавьсан маш сайн суурь болон сүүлийн жилүүдэд олон улсын олимпиадын бэлтгэлийг өндөр түвшинд хүргэж хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа математикийн олимпиадын хорооны гишүүн Г.Баярмагнай (өмнөх дарга), Ү.Отгонбаяр, Г.Батзаяа, У.Батзориг, Т.Хулан багш нарын нарын ажлын үр дүн юм. Түүнчлэн математикийн олимпиадыг Монгол Улсад өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирсэн ахмад үеийн багш нарын гавьяа зүтгэлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь ойлгомжтой юм.
Амжилт бол 1 хувь авьяас, 99 хувь нь хөдөлмөр гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа авьяаслаг сурагчдын маань олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн өнөөдөр гарч байна. Та бүхэндээ нийт математикчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Математикийн олимпиадын хорооны үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллаж байгаа ММОХ-ны удирдах зөвлөл, БШУЯ-ны Бага, Дунд Боловсролын газрын холбогдох хүмүүст мөн гүн талархал илэрхийлье.
Энэ багийг удирдаж олон улсын олимпиадад оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улс мандан бадрах болтугай" хэмээжээ.
Энэ жил эх орноо төлөөлөн Олон Улсын Математикийн олимпиадад оролцсон зургаан сурагчийн тав нь өнгөрсөн жил мөн оролцож О.Мишээл алт, А.Нямдаваа, М.Өнөболд нар мөнгөн медаль хүртэж байсан билээ. Өнгөрсөн жилийн олимпиадаас дөрвөн медаль хүртэн багаараа 29 дүгээрт эрэмбэлэгдэж байсан манай баг энэ жил амжилтаа ахиуллаа.