Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас "Ирээдүйгээ хамгаалъя" уриатай "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг, Хуулийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Маркетингийн хэлтэс хамтран, аяны хэрэгжилтийг үйлдвэрлэлийн бүс болон үйлдвэрийн бүх ажилчдын дунд зохион байгуулж, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга хийж байна. Мөн үйлдвэрийн нийт ажилтныг “Ирээдүйгээ хамгаалъя” аянд идэвхтэй оролцох, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлахыг уриалав.
Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутаг руу амарч аялахаар хотоос гадагш гарах урсгал нэмэгддэг. Хөдөө орон нутаг руу амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа иргэн бүр хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө яг одооноос тэдэндээ зөв үлгэрлэл үзүүлэх учиртайг “Ирээдүйгээ хамгаалъя” аянаар дамжуулан сануулж байгаа, гэж Замын цагдаагийн ажилтнууд онцолсон.
Түүнчлэн, өнгөрсөн жилүүдэд улс даяар зохион байгуулсан “Яараад яахав дээ-1, 2” аян үр дүнгээ өгч, зам тээврийн осол зөрчил тодорхой хэмжээнд багассан үзүүлэлт гарчээ. Харин энэ удаагийн аян, арга хэмжээнд жолооч, иргэд идэвхтэй оролцож, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг зам тээврийн ослоос хамгаалж, хамтдаа сэргийлэхийг уриалж байна.