Ангууч нэрээрээ олонд танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр "Ододтой бүжиглэе" шоуны шагналын мөнгөөрөө үүсгэн байгуулсан Жюү жицү клубээ өнөөдөр "Өнөр бүл" хүүхдийн төвд нээлээ.
Монгол телевизийн уран бүтээл "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн ялагчдаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорч, цом, 50 сая төгрөгийн эзэд болсон юм.
Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан. Уг тусламжийг Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төв бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгохоор болсон юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор хүүхдүүдэд зориулан Жюү Жцү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн анхны клубээ "Ид шидийн орон 2" төвд байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол хоёр дахь нь ийнхүү хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд бий болгоод байна.
Б.Баттөр үг хэлэхдээ "Энэ клубээс олон олон олимпын аваргууд төрөх болтугай" гэлээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн асрамж халамжийн "Өнөр бүл" төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм. Тус төвд одоогоор 186 хүүхэд амьдарч байна.