Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо долдугаар сард буурсан статистиктай байна. Улаанбаатар хотод PCR шинжилгээнд эерэг илэрсэн хувь буурч, 16 хувь болсон. Өмнө нь Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан. Харин орон нутагт долдугаар сарын 22-ны байдлаар 22.5 хувьтай байна. Хүмүүс цаашид халдварын эрч саарах эсэх тал дээр эргэлзэж байгаа.
Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна. Гэхдээ халдварын тархалтыг нэмэгдүүлдэг зүйл нь хүн амын хөдөлгөөнтэй холбоотойг мартаж болохгүй.
ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Тиймээс намар хичээл сургууль орохтой зэрэгцэн хүний хөдөлгөөн ихсэх учир ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байна. Өрөөр хэлбэл, иргэдийн хөдөлгөөн ихэсвэл тархалт нэмэгдэх эрсдэл бий" гэлээ.
Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн амны хаалтаа тогтмол зүүн, гараа сайтар угааж байхыг санууллаа.