Цар тахлын улмаас хилийн боомтоор ачаа, тээвэр орж ирэх хугацаа уртсан хамгийн багадаа нэг сарын зарцуулдаг болсон. Үүний улмаас тээврийн үнэ нэмэгдэж, барилгын материалын үнэ 70-80 хувиар өссөн байна. Бид барилгын материалын үнэ, ханшийн талаар “BIG” барилгын материалын төвийн худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
-Хил хааснаас болоод барааны хомстолд орсон-
Барилгын материалын хувьд бараа бүтээгдэхүүний үнэ 50-80 хувь өсчихсөн байгаа. Хятадын нөхцөл байдал гурван сар хил хааснаас болоод барааны хомстолд орсон. Үүнийг дагаад тээврийн хөлс маш өндөр хэмжээгээр өссөн. 7-10 хоногийн хооронд авдаг бараагаа 45 хонож байж ирж байна. Замын-Үүд талаасаа биш, Хятад талаасаа өдрийн 200 машин оруулбал барааны үнэ өөрөө хямдарна. Барилгын ажил Монгол Улсын хэмжээнд 6-9 сард л өрнөдөг. Энэ богинохон хугацаанд хүмүүс байшингаа барих гээд яалт ч үгүй л худалдан авалт их хийж байна.
-Барааны үнэ нэмэгдэхээр “чэнж” нар нэмлээ гэж буруу ойлгодог-
Сантехникийн бараа материалын үнэ 30-50 хувь өссөн. Тухайлбал өмнө нь 18 мянган төгрөгөөр худалдаалж байсан одоо бараа 26 мянга болсон байна.
Барааны үнэ нэмэгдэхээр чэйнж нар нэмлээ гэж буруу ойлгодог. Цаанаа өсөж байгаа учраас л худалдаалах үнэ өсөж байгаа юм. Тээврийн хөлс нэмэгдсэн гэх сургаар шууд нэмээд байна гэж байхгүй шүү дээ.
-Шилэн хөвөн, нунтаг барааг Хятадаас татаж чадахгүй болчихсон-
"Бараа татаж авахад удаж байгаа учраас ашигтай бараагаа л ачихыг бодоод бусад бараануудаа хаячхаад байгаа юм. Шилэн хөвөн, нунтаг барааг Хятадаас татаж чадахгүй болчихсон. Жишээлбэл мод, модон бүтээгдэхүүнээс энэ хүрэн паниар гэхэд зах зээлд 40-45 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Одоо бол 70 мянга болчхоод байна. Энэ шилэн хөвөнгүүд 17-18 мянгад зарагддаг байсан. Одоо 40 мянган төгрөг болсон"