Ойрын өдрүүдэд хүчтэй, аадар бороо орсны улмаас Ази, Европын орнуудад үерийн гамшиг нүүрлэсэн. БНХАУ гэхэд хүчтэй үерийн улмаас өртөө, зам усанд живж, томоохон авто замууд хаагдан, нислэгүүд цуцлагдаад байгаа билээ.
Энэ мэт үерийн гамшиг манай улсад тохиох эрсдэл өндөр байгаа ч бид бэлэн байдлаа хангасан эсэх талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Чинбатаас тодрууллаа.
Тэрээр “Сүүлийн өдрүүдэд Ази, Европын орнууд тухайлбал, Хятадад их хэмжээний аадар бороо орсны улмаас үерийн маш хүнд нөхцөлүүд бий болж байна. Үүнтэй адилхан нөхцөл байдал Монгол улсад, тэр тусмаа Улаанбаатар хотод нүүрлэх боломжтой, магадлалтай.
Учир нь дулааны улиралд тохиолдож болох үер усны аюулаас хамгаалах үүрэг бүхий үерийн хамгаалалтын далан, суваг, шуудууны бэлэн байдал, ус нэвтрүүлэх чадвар нь туйлын хангалтгүй байна. Тухайлбал, нийслэлд 193 км урт үерийн хамгаалалтын далан, суваг, шуудуу байдаг гэсэн тоон судалгаа байдаг. Авто замын ус дамжуулах, үерийн усыг зайлуулах хоолойнуудын хүчин чадал нь муу, их хэмжээний бороо орсны дараа зам битүү усаар дүүрдэг. Үүнээс харахад хэрэв манай улсад үерийн аюултай нөхцөл байдал үүсвэл, бид бэлтгэл, бэлэн байдлаа хангаагүй байна гэж ойлгож болно.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 400 гаруй мянган өрх байдаг. Эдгээр өрхөөс 2853 өрх үерийн аюултай, эрсдэлтэй бүсэд оршин сууж байна. Мөн 700 гаруй өрх үерийн нэн аюултай, үерийн ус урсдаг гуу жалга, зам дээр оршин сууж байгаа юм” гэлээ.