-Модны хамгийн чухал зүйл нь хялгасан үндсүүд байдаг-
Ээжийнхээ эхлүүлсэн мод үржүүлэг, хүлэмжийн ногоо тарих чиглэлээр 17 жилийн турш ажиллаж байгаа Б.Батзоригтой модыг хэрхэн сонгож, зөв тарих талаар ярилцлаа.
Хувиараа аж ахуй эрхлэгч Б.Батзориг “Өөрсдийн хэрэглээнд зориулж мод болон хүлэмжийн ногоо тарьдаг байсан. 2004 оноос эхлэн нийтийн хэрэгцээнд зориулж тарьж эхэлсэн. Манай хашаандаа үрэл, монос, голт бор, гүйлс, буйлс, интоор, үхрийн нүд, бөөрөлзгөнө гээд шилмүүст модноос бусад бүх төрлийн мод байгаа. Эдгээр нь навчит моднууд гэсэн үг. Иргэд мэдэхгүйгээсээ болж дандаа 3-4 метрийн өндөртэй том, шилмүүст мод авдаг. Бас баталгаатай мод үржүүлгийн газраас авдаг эсэх нь эргэлзээтэй. Уулнаас мод авч ирж зардаг хүмүүс ч байдаг. Баталгаатай газраас нь аваасай.
Мод тарих гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд гоёл чимэглэлийн зориулалттай цэцэглэдэг, дан навчит мод тариарай. Хэрэв шилмүүст мод тарихаар бол 80 сантиметрээс нэг метрийн өндөртэй мод авч тарих хэрэгтэй.
Учир нь том мод нэгдүгээрт үндэс нь гэмтсэн байх эрсдэлтэй. Хоёрдугаарт хэт өндөр мод суулгах гэхээр хөрсөндөө дасаагүй учир салхитай өдөр ганхдаг. Савлахдаа модны хүзүү хэсгээрээ, хөрсөөрөө найгасаар байгаад хөрснөөсөө салдаг. Тэр хэсгээр агаар орж, үндэс нь хатаад үхэх аюултай. Зарим хүмүүс хараад гол үндэс нь гэмтээгүй гэдэг. Гэхдээ гол үндэс бол модондоо чухал эд биш. Шим тэжээлийн авч байгаа үндэс нь хялгасан, нарийн үндсүүд байдаг. Тэд нар нь гэмтчихсэн бол тэр мод хичнээн бүдүүн сайхан үндэстэй байгаад ямар ч нэмэр байхгүй. Өөрийгөө тэжээж дийлэхгүй гэсэн үг л дээ.
Хүн бүр агрономич, мод үржүүлгийн мэргэжилтэн биш хэдий ч амралт зугаалгаар явахдаа очсон газар бүрийнхээ мод, бутыг битгий хугалаасай. Аль болох хайрлаж, хамгаалаарай гэж хэлмээр байна”