“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд 2020 оны эхний 9 сарын үйлдвэрлэл, техник, эдийн засгийн үзүүлэлт, үр дүнг хэлэлцэв. Үйлдвэрлэлийн үндсэн цехийн нэг Ил уурхайн хамт олон энэ хугацаанд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 102-103.6 хувиар биелүүлж ажиллажээ. “Ковид-19” эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд өртөг зардлыг бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын төлөвлөгөө гарган, энэ онд нийт 2.2 тэрбум төгрөгийн зардал хэмнэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Оны эхний 9 сарын байдлаар уг зорилтоо 67 хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөгөөр зардлаа бууруулжээ.
Ил уурхайн нийт зардлын 50 хувийг технологийн тээврийн зардал эзэлдэг. Энэ онд дэлхийн зах зээл дээр дизель түлшний үнэ буурсан нь зардал хэмнэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн хугацаанд 671 мянган метр куб уулын цулыг төлөвлөгөөнөөс илүү гаргаж, Баяжуулах үйлдвэрт нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 356 мянган тонн хүдэр илүү өгчээ. Мөн хүдрийн бэлтгэсэн нөөцөө хэвийн хэмжээнд хадгалах, ордыг бүрэн гүйцэт ашиглах хүрээнд хүдэр болон исэлдсэн хүдэр илүү олборлов. Ил уурхайнхан хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хоёр экскаватор, нэг өрмийн машин шинээр ажилд оруулах төлөвлөгөөтэй. Өрмийн машин удахгүй хүлээн авах бол эхний экскаваторыг ондоо багтаан ажилд гаргахаар ажиллаж байна.